“Динза, Цондоолойгийн анд найзууд” НҮТББ ерөнхий боловсролын 100 сургуульд ном унших орчин тохижуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багш нарт зориулсан арга зүйн сургалт зохион байгуулах цогц төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Улсын хэмжээнд 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 14 гэмт хэрэгт 20 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх онтой харьцуулахад хэрэг, холбогдогч өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 62 буюу 22.5 хувь нь эмэгтэй, согтуугаар гэмт хэрэгт холбогдсон тав, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон 47 хүүхэд, 2020-2023 онд дээрх тоо 12-16 хувиар өссөн байгаа нь суралцагчдын хүмүүжил, төлөвшлийн асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна.
Монгол Улс 2022 онд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-д хамрагдсан. Унших чадварын гүйцэтгэлийн оноо (i) OECD-ын дундаж оноо 476, (ii) Азийн дундаж оноо 427, (iii) Монгол Улсын оноо 378 байв. Хамгийн гүйцэтгэл муутай гарсан нь унших чадварын үнэлгээ бөгөөд нийт 81 орноос манай улс 65 дугаар байранд орж, OECD-ын дунджаас 5 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой байна.
“Динза, Цондоолойгийн анд найзууд” НҮТББ 2016-2024 оны хооронд “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн хөтөлбөр”-ийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санаачлан хийж, тус баг нь менежментийн хувьд National Geographic нийгэмлэгийн технологийг нэвтрүүлсэн байна.
Хөтөлбөрийн судалгаа, хөгжүүлэлтийн явцад “Хувьсаж буй боловсрол”-ын дэлхийн тайлан, дэлхийн улс орнуудын боловсролын шинэчлэлийн үйл явцыг судлах, танилцах замаар арга туршлага-технологиудыг харьцуулан сонгож, Монголынхоо хөдөө орон нутаг, нийслэлийн байшин, гэр хороололын ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан, нийтийн номын сангуудын хүрээнд нийт 25000 хүүхэд, 150 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 160 оюутан залуусыг хамруулан арга зүй, хэрэглэгдэхүүн, сургалтын агуулга, аргачлалыг
боловсруулснаараа онцлогтой.
Аж ахуйн нэгжид ногдох татварын 1 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээгээр татварыг хөнгөлөх хууль эрх зүйн шинэ боломжид тулгуурлан, нийслэлийн еоөнхий боловсролын 100 сургуульд “Хүүхдийн хөгжил төлөвшлийн үндэсний хөтөлбөр” төслөө эхлүүлээд байна.
Хөрөнгө оруулалтын хэмжээ:
1 дүгээрр үе шат: Сургуулийн орчинд ном уншлагын орчныг бүрдүүлэх, хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнээр хангах 21,700,000₮-ийн санхүүжилт
2 дугаар үе шат: Багшийг бэлтгэх, улмаар багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх 17,500,000₮ – 26,250,000₮-ийн санхүүжилт
3 дугаар үе шат: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэмэлт хөрөнгө оруулалтыг бий болгоно.

