horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцжээ

post-img

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй сайн туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо. Оны өмнө чуулганаар Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл баталсан. Энэ тогтоолын төслийн хүрээнд айл, өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхээр гурван чиглэл бүхий багц арга хэмжээг тусгасан бөгөөд “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Тогтоолын төслийн хүрээнд айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулна гэж тооцжээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд уг тогтоолын хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг сүлжээнд хялбар, шууд холбож, зөвшөөрөл олголтыг хялбаршуулснаар, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болох юм. Тодруулбал, 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей тавихад 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болно гэж үзжээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргалынх, өдгөөгөөс хоёр жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, эрчим хүчний ногоон эх үүсвэрээр өрхийн тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдэх эхлэлийг тавьжээ. Харин өчигдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд, нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл эрчим хүчнээсээ орлого олох боломжтой нийлүүлэгч болсон нь энэ юм.

Г.Ууганжаргалын хувьд түлшинд дугаарлаж, тог тасарна гэж айлтгүй өнтэй дулаан өвөлжиж байна. Тэднийх сар тутмын цахилгааны зардлаа эрс багасгаж чаджээ. Яг энэ мэтчилэн нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн тус дүүргийн 68 өрх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх эрхийг өнөөдрөөс нээгдэж байгааг УИХ-ын дарга онцоллоо.

0/1000