Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ч Монгол улсын гадаад валютын нөөц маш өндөр үзүүлэлттэй байна. Тодруулбал 7 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болжээ. 2025 оны эцэст гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх 11 дүгээр сараас 1.5 орчим тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь оны эхнээс 27.14 хувийн өсөлт болж байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 02-нд гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн тухай төв банкнаас мэдээлж байсан бол сарын дараа валютын нөөц даруй 1 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Харин энэ өсөлт иргэдийн амжиргаанд хэрхэн нөлөөлөхийг сар шинийн өмнөх өдрүүд мэдрүүлэх биз ээ.


