Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г.Занданшатарын цахим эдийн засгийн эсрэг Х.Нямбаатар
- 2026/01/06

- 3 өдрийн өмнө

- 5 мин уншина

Дэлхийн эдийн засаг өнгөрсөн 10 жилд 3-4% өссөн бол цахим эдийн засаг 6-7% өссөн байна. Үүнийг анзаарсан Г.Занданшатар цахим эдийн засгийн тухай мөрөөдөх болов. Тэр мөрөөдлийнхөө дагуу Г.Занданшатар даргатай УИХ 2024.06.05-нд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль баталсан. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Засгийн газар виртуал бүс байгуулахтай холбоотой 2 журам болох “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг 2025.09.17-нд баталлаа. 2026 оны 1 сараас тэрхүү виртуал бүс ажиллаж эхэлнэ.

Яг энэ үед нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар яг үүний эсрэг үйл ажиллагааг эхлүүлэв. Г.Занданшатарын мөрөөдлийг ойлгож байгаа шинж тэдэнд огт алга. Гар утсаа ч олигтой ашиглаж чаддаг нь эргэлзээтэй А.Баяр, Х.Нямбаатар нар технологитой дайн зарлав. Татвар төлөгчдийн мөнгөөр Хятадаас 2000 такси оруулж ирэн, ах дүү, танил талдаа зээлээр өгөөд, “Ucab” апп-аар холбогдсон хувийн машинтай хүмүүстэй өрсөлдүүлэх юм гэнэ. Дэлхий нийтээр технологи ашиглаж, юмс хүртэл ухаалаг болж байхад манай хотын удирдлагууд л технологийн эсрэг босож байна. Үгүй мөн гайхалтай улс шүү.

Төр үйлчилгээгээ иргэдэд хүргэхийн тулд барилга барих, хүн ажиллуулах шаардлагагүй болсныг “Emongolia”-гаас мэдсээр байж манай хотын удирдлагууд заавал такси оруулж ирж, жолооч, угаагч, засварчин, техникч зэрэг 4573 хүнийг 6 жил ажлаар хангахаар зүтгэж эхэллээ. Хэдэн хүнд 20 тэрбум төгрөг 6 жилийн хугацаатай өгөөд, 2 ээлжийн жолооч ажилд авсан уу, машинаа угаасан уу, бохир заваан машинаар үйлчлээд байна уу гэдгийг нь Х.Нямбаатар шалгах юм байлгүй. Болохгүй бол өөрөө тэр таксигаа угааж өгөх биз. Түрүүлж технологи эзэмшихийн төлөө Дэлхий даяараа уралдаж байгаа өнөө цагт манай хотын дарга л ганцаараа технологийн эсрэг зогсож хоцрох нь.

Гар утсаа ч олигтой ашиглаж чаддаг нь эргэлзээтэй А.Баяр, Х.Нямбаатар нар технологитой дайн зарлав

Улаанбаатар таксигүй хот биш. Үйлчилгээ сайтай, зэрэглэл өндөртэй, үнэ ихтэй, тансаг такси ч байна. Үйлчилгээ нь боломжийн, зэрэглэл жирийн, үнэ хямд, ердийн такси ч бий. Алингаар нь үйлчлүүлэхээ үйлчлүүлэгч мэднэ. Гэтэл нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотыг таксины 5-хан компанитай гэж чамлав. “Юбикаб холдинг” ХХК-ийг 1 ч таксигүй гэж зарлав. Өнөө цагт дэлгүүр заавал байшин дотор, жирийсэн олон лангуутай, лангуу дүүрэн бараатай, хүн тэнд очиж юм худадаж авдаг байх албагүй болсон шиг такси ч бас өөрийн гэсэн машинтай, бааз нэртэй байшинтай, цалин авдаг жолоочтой байх албагүй болсныг тэр ойлгоогүй яваа бололтой.

Технологи бол мэдлэг. Тиймээс ч Г.Занданшатарын Засгийн газар Монгол Улсыг 2025-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлээ “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” гэж нэрлэж, мэдлэгийн эдийн засгийг онцолж эхэллээ. Түүгээр бол Монгол Улс хиймэл оюун, робот, технологид түшиглэсэн цахим эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах юм.

Эдийн засагтаа 7 өнгийн солонго татуулахаар үе үеийн Ерөнхий сайд нар мөрөөдөж, Сангийн сайд нар зүүдэлж ирсэн. Гэвч уул уурхай гэх үндсэн ганц өнгөтэй, хөдөө аж ахуй гэх ялихгүй жаахан нэмэлт будагтай монгол солонго хэзээ ч 7 өнгөтэй болсонгүй. 7 байг гэх нь ээ, ганц өнгө ч нэмэгдсэнгүй. 2-хон өнгөтэй солонготойгоо 35 жил ганхирч явна. Тэгвэл 3 дахь өнгө нь технологи байж болох гэрэл хонгилын үзүүрт сүүмийж байгаа.

Монгол Улс хиймэл оюун, робот, технологид түшиглэсэн цахим эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах юм

Тэрхүү сүүмийх гэрэлд гэрэл нэмж байгаа нэг компани нь “Юбикаб холдинг”. 2013 онд байгуулагдаж, 1.6 сая хэрэглэгч, 180 ажилтантай болоод байгаа энэ компани өөрийн гэсэн таксигүй ч өрөөлийн машиныг өөрийн такси мэт ашиглаж чадаж байна. Энэ чинь л ухаан, технологи, цахим эдийн засаг шүү дээ. Энэ оюуны цөм нь 2009 онд байгуулагдсан “Мезорн” ХХК-д байдаг. Монгол залуус үндэсний технологийн 10 компани байгуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгч, үйлчлэгч 3-ыг технологиор холбожээ. Үүгээр А.Баяр, Х.Нямбаатар нар бахархдаггүй юм гэхэд гоочлох ёсгүй.

Та бүхний хийж чадаагүйг тэд хийсэн. Та нарын хийж чадахгүйг тэд хийж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлд 1000 байтугай 1 машин нэмэхгүйгээр, татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 тэрбумыг байтугай 1 ч төгрөг авахгүйгээр хийж байна.

А.Баяр, Х.Нямбаатар хоёр байсхийгээд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох машиныг дугаарын тэгш, сондгойгоор нь явуулахаар оролддог. Өчигдөр орой шийдвэр гаргаад, өнөө өглөө хэрэгжүүлэх гэж дарамталдаг. Замын хөдөлгөөний эрчмийг ямар аргачлалаар тооцоод, түгжрэл гэж үзэж байгаагаа ч тайлбарладаггүй. Тэгвэл “Юбикаб холдинг” ХХК замын түгжрэлийг хэмжих аргачлал хэдийнэ бий болгочихсон байна. Үүнийг аваад ашиглах санаа манай хотын удирдлагуудад төрөөгүй атлаа татвар төлөгчдийн мөнгийг ашиглах арга бодож олсон нь даанч харамсалтай.

Дотоодын технологийн компаниуд хөлөө олж, хотын асуудлыг шийдэлцэж, цахим эдийн засгийг тэлж байхад утсаа ч олигтой ашиглаж чадахгүй зарим нь эсрэг юм хийх хэрэггүй л дээ

Х.Нямбаатарын таксины жолооч наад зах нь Зуун-Айл гэдэг газрыг яаж олж очих бол? “Google map”-аар хайвал тийм хаягтай газар хаана ч байхгүй. Манай нийслэлийн хаягжилт замбараагүй. Хотын иргэд нь хотынхоо гудамж, замын албан ёсны хаягийг мэддэггүй. Цагдаагийн гудамж гэж хэлбэл хэн ч мэдэхгүй. Зуун-Айл гэвэл бүгд мэднэ. Энэбишийн гудамжийг олохгүй ч Тасганы зам гэвэл төвөггүй олно. Ийм хотод 2000 такси авчирвал, үйлчлүүлэгч нь өөрөө жолоочдоо замаа заадаг үе рүүгээ буцаад очих байх даа.

Тэгвэл “UBcub” нь Зуун-Айл, Тасганы овоо, Их дэлгүүрийн баруун тал гэх мэт монголчуудын мэдэх хаяг бүхий газрын зурагтай. Сонгуулиар нэмж байгуулсан хороонуудынхаа хаягийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Google map”-д оруулаагүй байгаа бол “UBcub” аль хэдийнэ оруулчихсан. Жолооч нараа ХХОАТ төлдөг болгочихсон. Энэ мэтээр дотоодын технологийн компаниуд хөлөө олж, хотын асуудлыг шийдэлцэж, цахим эдийн засгийг тэлж байхад утсаа ч олигтой ашиглаж чадахгүй зарим нь эсрэг юм хийх хэрэггүй л дээ. Муухай харагдаж байна.

- Шинэ
- Хандалттай