“Ө” ХХК 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайлангаар 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой байжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувийн хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргахад “Ө” ХХК болон түүний харилцан хамааралтай “У”ХХК-ийн нийт татварт ногдох орлогын дүн 1,5 тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй” гэх шийдвэр гарган, татгалзсан байна. “Ө” ХХК тус шийдвэрийг эсэргүүцэн, “У” ХХК-тай харилцан хамааралтай этгээд гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эдгээр компаниудын хөрөнгө болон удирдлага тусдаа, бие даасан хуулийн этгээд, мөн “Ө” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг өөр компанид хувьцаа эзэмшдэг гэх үндэслэлээр харилцан хамааралтай гэж шууд хамаатуулж, татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүхэд ханджээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сард уг гомдлыг хэлэлцээд “Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3-т зааснаар тус компаниуд нь хоорондоо харилцан хамаарал бүхий этгээд байна. Нэг этгээд тус 2 компанид 50%-ийн хувьцаа эзэмшиж байгаа нь хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй. Мөн хоорондоо тухайн татварын жил ажил, гүйлгээ хийж байсан, нийт орлого 1,5 тэрбум төгрөгөөс давсан байна” гэж үзэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнийг тус компан зөвшөөрөлгүй давж заалджээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сард хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Иймд тус компани УДШ-д хандсан байна.
Хяналтын шатны шүүх 2025.11.11-нд уг хэргийг хянаад “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-г хуулийн зорилгоор нь тайлбарлах шаардлагатай. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчаас харилцан хамааралтай хуулийн этгээдүүдийг тогтоохдоо хуулиар тусгайлан заасан нөхцөлийг анхаараагүй. Хэрэгт авагдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой ААН-н орлогын албан татварыг 90% хөнгөлөх зорилгоор уг хуулийг баталсан. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нийт орлого нь 889 сая төгрөг байна. Маргаан бүхий хуулийн этгээдүүд хоорондоо хийсэн гүйлгээний 34 сая төгрөг нь хуульд заасан 1,5 тэрбум төгрөгөөс доошгүй байх хуулийн босгод нөлөөлөхгүй. 4,6 сая төгрөгийн гүйлгээ нь 2025 онд хийгдсэн нь маргааны үйл баримтад хамаарахгүй” гэж дүгнэж, өмнөх 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

