Саудын Арабт 7 дахь жилдээ болж буй “Дакар ралли” уралдааны эхний өдрийн байрлал тогтоох пролог гарааны мото ангилалд нийт 115 тамирчин гарсан юм. Уг гараанд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд 30-р байр эзэлсэн бол П.Мөрөн 47-р байрт орсон. Э.Халиунболд уг гараанд нийлбэр дүнгээр 27-р байрт орж ирсэн боловч цагийн хязгаарлалттай бүсэд хурдны торгууль авснаар 33-р байрт жагсав.
48 дахь удаагийн “Дакар ралли”-гийн 2 дахь гараа өчигдөр Янбугаас Аль-Ула хот руу 504 км зам байлаа. Энэ замын 400 км-т нь уралдааны цаг тооцжээ. Энэ өдрийн замыг “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 04:45:44 цагт туулж, нийлбэр дүнгээр 26-р байр луу урагшлав. Тэр “Ралли-2” ангилалдаа 13-р байрт эрэмбэлэгдэж байна. 101 дэх км-ээс түүний дэлгэц ажиллагаагүй болж, унтарчээ. Түүнээс болж бага зэрэг цаг алдсан аж.
П.Мөрөн энэ удаад алдаа гаргалгүй, тогтвортой уралдаж, 05:18:10 цагийн амжилтаар 29-р байрт барианд орлоо. Тэр нийлбэр дүнгээр 45, “Ралли-2” ангилалдаа 32-рт жагсаж байна.

Өнөөдөр “Дакар ралли” 3 дахь өдрөө үргэлжилж, тамирчид нийт 666 км зам туулна. Үүнээс 422 км-т нь уралдааны цаг тооцох юм байна. Үндсэн замын 58% нь хайрга, 30% нь элс, 12% нь хадархаг гадаргуутай аж. Монголын тамирчдыг “Шунхлай”, “Скай чартер Монголиа”, “Тоёота топ моторс” компани ивээн тэтгэж байна.

