Шинэ онтой золгоод дөрөвхөн хоноход нийгмийг цочроосон гэмт хэрэг гарч, хүн бүрийг айдаст автуулав. Гэр хорооллын буйдхан мухар гудманд халуун ам бүлээрээ амьдарч байсан нэгэн гэр бүлийн гэрэл унтарлаа. Нөхөр нь гэрээсээ түр гараад ирэх хооронд эхнэр, хүүхдийг нь мал төхөөрсөн мэт хэрцгийгээр хөнөөсөн байв. Уг хэргийг хамар хашааных нь 48 настай эрэгтэй үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн багууллага сэжиглэж, түр саатуулаад байгаа юм. Хэрэг үйлдсэн этгээд сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ нь хэрэв үнэний ортой бол нийгэмд хор хөнөөл учруулж болохуйц хүмүүс ингээд хараа хяналтгүй, хүн хөнөөгөөд явж байдаг хэрэг үү?
Энэ талаар бид сурважиллаа.
Уулын энгэрт байрлах жижигхэн дөрвөлжин шар байшинд сэжигтэн этгээд ганцаараа амьдардаг аж. Хэрэг гарсан газарт тууз татжээ. Ойр орчмын айлууд ч айдаст автаж, хашааныхаа хаалгыг түгжиж, болгоомжилжээ.
Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг 40 орчим настай залуугийн амьдрал хэдхэн цагийн дотор хар дарсан зүүд шиг боллоо. Түүний эхнэр 8 сартай жирэмсэн, ирэх 2 дугаар сард амаржиж, шинэ хүнээ хүлээн авч, аз жаргалаар бялхах байв. Гэвч 3 настай охиныг нь эхнэртэй нь хамт хүйтэн мэсээр хөнөөхийн зэрэгцээ 4 настай охиныг нь зүрх, суганых нь дундуур хутгалж гэмтээжээ.
Сэжигтний ар гэрээс өнөөдрийг хүртэл хүн холбогдоогүй байна
Аймшигт явдлаас амьд гарсан 4 настай охинд Цэргийн төв эмнэлэг 6-7 цаг үргэлжилсэн хүнд хагалгаа хийжээ. Гэвч охины биеийн байдал одоо ч сайжраагүй гэнэ. Амьд үлдлээ ч охин цаашид хэвийн амьдрах боломжгүйг эмч нар аавд нь дуулгажээ. Өрхийн тэргүүн “Энэ хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй этгээд өмнө нь том охинд нь хутга тулган сүрдүүлж байсан” тухай ярьжээ. Гэхдээ тэр уг явдлыг зүгээр өнгөрөөсөн аж. Гэтэл олон хавар нэгэндээ гэгчээр нэг өдөр эхнэр, хүүхдээсээ хагацах нь тэр.
Болсон явдлын талаар талийгаач эмэгтэйн нагац ах “Бид сэжигтэн гээд байгаа хүний ар гэрийнхэнтэй уулзаагүй. Цагдаагийн байгууллагаас энэ талаар асуухаар “Ар гэрээс нь нэг ч хүн холбогдоогүй. Хүн ирж уулзаагүй” гэдэг. Тэдний гэр бүлд ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй. Олон хүүхэдтэй амьдрахын төлөө зүтгэсэн. Тусдаа гарч, айлын хашаа түрээслэн амьдарч байсан. Тухайн өдрийн орой энэ таагүй мэдээг сонссон” гэж ярив.
Сэжигтэн 12-р сарын 9-нд СЭМҮТ-д үзүүлжээ
Бид энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа этгээд хэн бэ гэдэг талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 2-р хорооны зохион байгуулагч, мэргэжилтнүүдээс тодруулахад “Тодорхой эрхэлсэн ажилгүй. Олон жил тус хороонд амьдарч байгаа. Ганцаараа амьдардаг. Тэр хүн 2025 оны 12-р сарын 9-нд СЭМҮТ-д үзүүлсэн. Хэрэг гарснаас хойш бид том охинд нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, хамтарсан баг ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

Харин СЭМҮТ тухайн этгээдтэй холбоотой мэдээллийг нууцалж буй. Үндсэндээ “СЭМҮТ-ийн хяналтад байдаг эсэх нь тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ талаар бидэнд нарийн мэдээлэл өгнө” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хэрэг үйлдсэн бол ямар хариуцлага хүлээж, тэднийг хэрхэн хянадаг талаар СЭМҮТ-ийн Амбулаторийн эрхлэгч Т.Ганцэцэгээс тодрууллаа.
Т.Ганцэцэг: Сэтгэцийн өвчтэй групп тогтоолгосон 1700 хүн хяналтад байдаг. Сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах хэрэгтэй байна
“Сэтгэцийн өвчнөөр групп тогтоолгосон 1700, группгүй 100 хүн бий. Эдгээр хүнийг 3 сар тутам ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, хянадаг. Мөн тэд өрх, сум, дүүргийн эмнэлгийн хяналтад давхар байдаг.

Сэтгэцийн өвчтэй хүмүүст солиорлын шинж тэмдэг илэрч байвал СЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт авчирч үзүүлэх боломжтой. Цаашлаад эдгээр хүнийг сар бүр хянадаг. Эдгээр хүн нэг жилд 8 удаа ирж үзүүлэх хэрэгтэй. Хэрэв үүнээс цөөн ирсэн бол группийг нь хязгаарладаг. Бид үзлэг хийчхээд, эм бичиж өгдөг. Бүр аюултай гэж үзвэл хэвтүүлдэг.
Хэрэв орчиндоо аюул учруулж болохуйц догшин авир гаргаж, эрсдэлтэй үйлдэл хийвэл шууд 102 дугаарт мэдэгдэх нь зөв. Сэтгэцийн өвчтэй хүн нийгэмдээ аюул учруулж болохуйц үйлдэл хийвэл нэн түрүүнд цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Сэтгэцийн өвчтэй хүн солиорлын үедээ гэмт хэрэг үйлдвэл хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзэж, албадан эмчилдэг.
Харин зүгээр байх үедээ хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Ер нь манай улсад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар шаардлагатай байна. СЭМҮТ 500 ортой. Үүний 50-60 хувьд нь сэтгэцийн өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Ачаалал их. Тиймээс улс бодлогын түвшинд энэ асуудлыг хэлэлцэж, сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах шаардлагатай. Судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 1 хувь нь сэтгэцийн солиорох эмгэгтэй байна. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ар гэрээс “Бидний амь нас, эрүүл мэндэд заналхийж, цохиж зодоод” гэсэн үед бид тухайн хүнийг хэвтүүлэн эмчилдэг. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчин сэдрэхэд улирал нөлөөлдөг гэж олон хүн боддог. Гэтэл үгүй. Нийгэм тогтворгүй байхын хэрээр тэр хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болдог талтай” гэсэн юм.
Энэ хэрэг бидэнд бас нэгэн зүйлийг сануулав уу. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг бид цэгцэлж, хянах тогтолцоо, хүртээмжээ илүү сайжруулах шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна.
Хөрш айлындаа заналхийж, хор хөнөөл учруулсан хэргийн жагсаалт үүгээр зогсохгүй. Өнгөрсөн 2025 оны 10-р сард Баянгол дүүрэгт интернэт асуусан 8 настай хүүг хөрш айлынх нь өвөө хутгалсан хэрэг гарсан. Азаар хүү эмчилгээ хийлгэж, амьд үлдсэн. Энэ мэтчилэн нийгэм тогтворгүй байхын хэрээр хүмүүсийн сэтгэл санаа, тэр дундаа сэтгэцийн өвчтэй хүмүүсийн өвчин илүү идэвхждэг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон юм.

