Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Нийслэлийн 6 дүүргийн Ерөнхий менежер болон Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 45 байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Нийслэлээс хөнгөлөлттэй үнээр олгосон Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн талаарх санал хүсэлт, 2026 онд ажиллах зохион байгуулалт, төлөвлөлт, барилгын сүүдэр талд үүссэн туслах замууд болон авто машины яндангийн уснаас шалтгаалсан халтиргаа, гулгаанд бодис цацах ажлыг тухай бүр хийх, хог тээврийн автомашинуудын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд Хот нийтийн аж ахуйн чиглэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр аж ахуй нэгжүүдэд олгох ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
Бид өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг ажилтны хөдөлмөрийг хөнгөвчлөх, шинэлэг техникүүдийг нэвтрүүлэх бодлогыг барьж ажиллана. Үүн дээр аж ахуй нэгжийн удирдлагууд санал санаачилгатай ажиллаж, техникийн шинэчлэлд саналаа тусгуулж ажиллана” гэж хүслээ.
Мөн ААН-үүдээ өнгөтэй өөдтэй, өсөн дэвжих бодлогыг барьж дэмжин ажиллахыг онцоллоо.

