Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
УИХ 4 гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж чадах уу?
- 2026/01/08

- 46 цаг 13 минутын өмнө

- 6 мин уншина

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бол Х.Булгантуяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж байна.

Д.Амарбаясгаланд холбогдох хэргийн талаар нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах I хэлтсийн хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн эрүүгийн 2 хэрэгт яллагдагчаар татах саналаа өнгөрсөн 7 хоногт АТГ ирүүлсэн. Прокурор хэргийг хянаад, мөрдөгчийн санал үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2, 22.10.2-т заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэж 10-р сарын 27-нд мэдээлсэн юм.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ. АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хасаж, 2-8 жил хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 2-8 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хорих ял шийтгэнэ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар шилжүүлжээ.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах

Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол 12-20 жил хорих ял шийтгэнэ.

УИХ-ын чуулганы 2025.12.19-ний хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Улстөрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна. Жишээ нь Д.Амарбаясгалан даргын хэрэгт холбогдоод байгаа Б.Эрдэнэжаргалыг шүүгч 2 удаа шөнө оройн цагаар суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Манай Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, үгүй юү. Хилээр гараад явчихсан уу? Энэ дээр шийдэмгий баймаар байх юм. ХЗДХ-ийн сайд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй, оролцдоггүй учраас нөлөөлж болохгүй юм. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь асуудлыг УИХ-д оруулж ирвэл яасан юм. Юунаас нь айгаад байгаа юм. Түдгэлзүүлээд шалгая л даа” гэж уриаллаа.

2-8 жил хорих ялтай эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Амарбаясгаланг Монголд байгаа эсэхийг ч Б.Энхбаяр сайд мэдэхгүй явна. Харин туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан гэх Б.Эрдэнэжаргалыг шүүгч шөнө Цагдан хорих төвөөс гаргаж, үүрээр буцаан оруулж байгааг бол мэдэж байгаа ажээ. Үнэхээр Б.Эрдэнэжаргал Цагдан хорих төвөөс гарсан бол хэнтэй уулзаж, юу хийдэг нь ойлгомжтой. Д.Амарбаясгалантай уулзаж, авлигын хэргээ л хэлэлцэж таарна. Мөрдөгчид юу гэж мэдүүлэхээс эхлээд, мөрөө хэрхэн баллахаа ч тохиролцдог биз.

Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа бол Х.Булгантуяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж байна

Үүнд нь шүүгч тусалдаг юм бол Д.Амарбаясгаланд холбогдох хэрэг аль хэдийнэ арилж балрах тийшээ ханджээ. Ийм нөхцөлд Д.Амарбаясгаланг УИХ-ын гишүүний байр сууриас нь түдгэлзүүлээд нэмэр болох уу?

Хаврын чуулган эхэлмэгц л УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, холбогдсон хэргийг нь шалгуулах асуудал сөхөгдсөн. Гэвч Л.Оюун-Эрдэнийн явуулга, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцэл дунд уг асуудал мартагдав. Тэрхүү 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь байтугай дахин 1 гишүүн нэмж, суудлыг нь яйжигнуулах гишүүний тоог 4 болголоо. Тэр хооронд намрын чуулган завсарлав.

Энд нэг зүйлийг онцолъё. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2022.04.25-нд УИХ-д хүргүүлсэн ч УИХ уг асуудлыг хаалттай хэлэлцээд, дэмжээгүй юм. Ингэснээр тэдний бүрэн эрх хэвээр үлдсэн. Гэсэн ч энэ нь тэдэнд холбогдох Хөгжлийн банкны гэх хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхэд саад болоогүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноосон ч УИХ-ын гишүүн гэдэг шалтгаанаар цагдан хориогүй. Харин Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүй гэж шүүх үзсэн юм.

АТГ, прокурор, шүүх хүсвэл УИХ-ын гишүүнийг халдашгүй байдал, бүрэн эрх хамаарахгүйгээр шалгаж, яллаад, шоронд хийж чадахаа харуулсан

Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг нь шалгаж, шийдвэрлэж болохыг харуулсан юм. Дахин нэг баримт дурдъя. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байхад нь 2020.06.12-ны шөнө баривчлан, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсон юм. Тэр үед Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусаагүй байлаа. Түүнийг 2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайн тусгай зөвшөөрлийг “Элбэг-Орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д шилжүүлж авсан, 6 сарын дараа цааш нь зарсан гэх хэрэгт холбогдуулан шүүх ялласан. Мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашиг малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон гэж буруутгасан.

Ингээд Ж.Эрдэнэбат, Д.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2020.07.06-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хянан хэлэлцээд, С.Мандахбатыг цагаатгаж, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 6 жили хасаж, 6 жил хорих ял ногдуулсан. Мөн Б.Отгонбаатарт 6 жил, Д.Түвшинжаргалд 5 жил, Д.Ганбатад 3 жил хорих ял оноов.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.09.15-нд анхан шатны шүүхийн тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалын ялыг 3 жил болгон бууруулж, Д.Ганбатын ялыг 30 сая төгрөгөөр торгох ялаар сольж, Ж.Эрдэнэбат, Д.Отгонбаатар нарыг хорих ялыг хэвээр үлдээв. Улсын дээд шүүх 2021.01.15-нд өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан түүхтэй.

УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нь сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хууль тогтоох ажилдаа оролцоход л хамаатай асуудал

Гэвч УДШ-ийн шийдвэрийг прокурор, шийдвэр гүйцэтгэх байгууллага сар хагасын хугацаанд биелүүлэлгүй, түүнийг үргэлжлүүлэн хорьсоор байв. Ингээд 2021.03.03-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарыг сулласан. 9 сар гаруй цагдан хоригдсон Ж.Эрдэнэбат 2021.03.18-нд УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр энэ хэрэг замхрав.

Гэхдээ л АТГ, прокурор, шүүх хүсвэл УИХ-ын гишүүнийг халдашгүй байдал, бүрэн эрх хамаарахгүйгээр шалгаж, яллаад, шоронд хийж чадахаа харуулсан. Үүнээс үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нь сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хууль тогтоох ажилдаа оролцоход л хамаатай асуудал гэдэг нь илт. Харин гишүүнийг баривчлах, нэгжих нь халдашгүй байдлын асуудал. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог ийм л зорилгоор байгуулсан байдаг.

Тэгэхээр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэргийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно гэдэг нь тод харагдаж байна. Тэдний халдашгүй байдлыг түдгэлзүүлэхээр УИХ-д хандлаа ч нааштай хариу өгөхгүй л болов уу. 1990 оноос хойш Монголын парламент миний мэдэхээр 25 гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, 7-гийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Энэ удаад ч УИХ 4 гишүүнээ авч үлдэх магадлалтай.

- Шинэ
- Хандалттай