Улсын дээд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй. Үүнээс 29 нь 2025 онд намынхаа үндсэн дүрмийг өөрчлөн шинэчилж, УДШ-д бүртгүүлэхээр 58 удаа ханджээ. Үлдсэн 8 нам дүрмээ өөрчлөн шинэчилж, дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаагүй байна.
Улс төрийн намын тухай хуулийг УИХ шинэчлэн баталж, 2024.01.01-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025.12.31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байна.
Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд Улсын дээд шүүх 2024.02.23-нд 06 дугаар тогтоолоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан. Уг журмаар улс төрийн нам байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын даргыг томилсон шийдвэрийг бүртгэх, бүртгэлээс хасах харилцааг зохицуулна. Мөн намыг идэвхтэйд, эсхүл идэвхгүйд тооцох, түүнчлэн намын нэрийн сан хөтлөх, тамга тэмдгийн хяналтын дугаар олгох зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг нарийвчлан зохицуулж байна.
Энэ дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын Бүртгэлийн алба намуудаас ирсэн материалыг хүлээн авч, бүрдлийг шалган, хуваарилагдсан шүүгч, танхимд танилцуулж буй аж.



