horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төр, хувийн хэвшилд ажилласнаар нь алагчилсан 36 сарын тэтгэмж хэчнээн гомдол тээх бол?

post-img

Төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг 2026 оны 1 сарын 1-нээс өвлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Сангийн сайдын мэдэгдэж буйгаар “өвлүүлэх биш ар гэрийнхэнд нь нөхөн олгох” асуудал гэнэ.  Тодруулбал төрд ажиллаж байгаад тэтгэвэрт гараад нэг удаагийн тэтгэмжээ хөөцөлдөж эхэлсэн бөгөөд шийдвэр гараагүй байхад нас барсан бол тухайн төрийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмжийг ар гэрийнхэнд нь нөхөн олгох юм байна. Харин тэтгэвэрт гарах нас нь болсон ч үргэлжлүүлэн ажиллаж байгаад нас барсан төрийн албан хаагчид 1 удаагийн тэтгэмж олгохгүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан тов тодорхой хэллээ.

Энэ чинь төр иргэдээ хаана ажилласнаар нь ялгаварлан гадуурхаж байсан шийдвэр дээрээ нэмээд ажиллах хөдөлмөрлөх эрхэд нь ялгаатай байдлаар халдаж байгаа хэрэг биш үү?

Жил ирэх тусам дундаж наслалт уртассаар байхад төрийн албан хаагч байсныхаа төлөө үргэлжлүүлэн ажиллаж хөдөлмөрлөх эрхийг боогдуулах шийдлийг Г.Занданшатарын засгийн газар олоо юу?

Төрийн албан хаагчдаа тэтгэвэрт гарах үгүйг мөнгөөр хөшүүрэгддэг, ард иргэдээ хувийн хэвшилд төрд ажиллаж байгаагаар нь ялгаж халамжилдаг Монголынх шиг төр бусад улс оронд байдаг болов уу?

Уг нь бол  ажиллах хүч өдөр ирэх тусам хомсдсоор байгаа өнөө цагт нэг ч гэсэн хүн үргэлжлүүлэн татвараа төлж хөдөлмөр эрхэлсээр байх нь улсын эдийн засагт нэмэртэй баймаар юм. Нөгөө талаас хөдөлмөрийн бүрэн чадвартай иргэн тэтгэврийн насанд хүрмэгцээ гараа тосоод гэртээ суучихвал төсвийн зардал төдий хэмжээгээр тэлэх бус уу?

Энэ онд 7000 албан хаагч төрд ажиллаж байгаад тэтгэвэртээ суух тооцоолол байна. Тэдэнд нэг удаа тэтгэмж олгоход 326 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд 2025 оныхоос даруй 110 тэрбумаар нэмэгдсэн дүн юм.  Төрийн албан хаагчдын голлох массыг бүрдүүлдэг  багш, эмч нарын цалин 2026 онд нэмэгдсэн. Тэгэхээр тэдэнд очих нэг удаагийн тэтгэмж ч мөн адил цалингийн дундажаасаа тооцогдож нэмэгдэж таарна.  326 тэрбумыг зөвхөн 2026 онд тэтгэвэрт гарах 7000 хүнд хувааж өгнө гэхээр 1 хүнд 47 сая төгрөг оногдож байна.

Энэ жилээс 1 удаагийн тэтгэмжээ хөөцөлдөж байгаад авч чадаагүй төрийн албан хаагчдын ар гэрийнхэнд мөн тэтгэмжийг нь нөхөн олгоно гэдгээ засгийн газар зарлачихсан шүү дээ. Төрд ажиллаж байгаад 1 удаагийн тэтгэмжээ авч чадалгүй нас барсан 14 мянга 996 хүн бий. Харин тэдний хэдийнх нь гэр бүлд нөхөн тэтгэмж олгох асуудал тодорхой биш байна.

Төсвөө 2 их наядын алдагдалтай батлуулсан Г.Занданшатарын засгийн газар магадгүй нөхөн тэтгэмж олгоно шүү гэдэг амлалтаар төрийн албан хаагчдын ар гэрийнхнийг мөн халаасандаа байлгах гэж оролдож байна уу?

Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүнд 36 сарын цалинтай нь дүйцэх тэтгэмж 1 удаа олгох Засгийн газрын журам 2015.01.01-нээс хэрэгжиж эхэлжээ. Үүнээс хойш 10 жил өнгөрөхөд хэдэн  хүнд 36 сарын тэтгэмжийг олгосон тухай тоо баримт нийтэд ил болоогүй байна. Хэдэн хүн 3 жилийн цалингаа нэг дор авч эрх баригчдын сонгуулийн албат болж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Үүн дээр нэмэгдээд нас барсан төрийн албан хаагчийн ар гэр 36 сарын тэтгэмжийг нь олж авна гэх горьдлогоор одоогийн засгийн газрын балешиг болж алга хавсран сууна.

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатараас уг нь Монголчууд арай өөр хүлээлттэй байсан юм. Гэвч тэрээр  төрийн албан хаагчид, түүний ар гэрийнхнийг төсвийн мөнгөөр худалдан авч байна. Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд насаараа ажиллаж татвар төлсөн 1 сая иргэн чинь энэ төрийн дагавар хүүхэд шиг ялгаварлагдан, төрийн хайр хишгийн гадна үлдэх болж байна уу?

Зөвхөн төрийн албан хаагч гэдэг шалгуураар яагаад 36 сарын тэтгэмжийг олгох ёстой гэж? Ядарсан иргэдээ халамжлах үүрэгтэй ялархуу төрийн албан хаагчид яагаад хувийн хэвийн хэвлийн салбарт ажиллаж байгаа 1 сая иргэнээс давуу эрх эдэлж 40-50 сая төгрөг авах ёстой юм бэ?

Төрийн албан хаагчдын хүнд суртал, хүний эрхийн мэдрэмжгүй дэг журмаас болж хэвтрийн өвчтөн 2 хүнээр дамнуулан очиж хурууны хэгээ дарж буй бичлэг олон нийтэд ил болж нийтээрээ шуугилаа. Төрийн албан хаагчдын хүний үнэргүй ажлын хандлагын захын жишээ ийм байдгийг цахим сүлжээнд бичсээр байна. Сошиал хандалтад ихээхэн ач холбогдол өгдөг Ерөнхий сайд ч энэ сэдэвт зүгээр суусангүй боломжийг ашиглаж УБЕГ-тай хариуцлага яриад авна лээ. Гэхдээ төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд ажиллагсдаас илт ялгаварлан хүртээдэг 36 сарын тэтгэмжийнхээ тухай ямар нэг тайлбар хийсэнгүй.

Монгол улсын иргэд үндсэн хуулиар ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй. Харин энэ эрхийг нь Монголын төр өөрөө зөрчиж байгаагийн 1 тод жишээ төрийн албан хаагчдад 1 удаа олгодог 36 сарын тэтгэмж болчхоод байна. Ард түмнээ алагчилж олгодог 36 сарын тэтгэмжээ бүр зогсоочих зориг танд байна уу Ерөнхий сайд аа?

0/1000