NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ оролцлоо.
-Сүүлийн үед ямар судалгаан дээр ажиллаж байгаа талаар нь ярилцлагаа эхэлье?
-Австри улсын Венийн их сургуультай хамтран “Залуучуудын хиймэл оюуны хэрэглээ” гэх агуулгаар судалгаа хийж эхэлж байна. Тухайлбал, залуучууд хиймэл оюуныг хэрхэн хэрэглэж байна, мэдээллээ яаж олж авч байна гэх зэрэг өргөн хүрээний сэдэвтэйгээс гадна хоёр улсын залуучуудыг хооронд нь харьцуулан судалж байгаа.
-Бидний ярилцлагын гол сэдэв бол боловсрол. Монголчууд ер нь боловсролын асуудалд ихээхэн анхаардаг. Тэгвэл манай улсын боловсролын түвшин ямар байна. Бидний тавьдаг зорилго үндсэн зорилтдоо хүрч чадаж байна уу гэдэг асуудалд байр сууриа илэрхийлээч?
-Боловсрол бол мэдээж бага боловсролоос эхэлнэ. Манай улсын бага боловсролын систем математик болон гадаад хэл гэсэн үндсэн хоёр чиглэлтэй. Гэтэл бид хүүхдүүдээ нэгдүгээр ангиас нь эхлээд гадаадын ажиллах хүчин бэлтгэж байгаа юм шиг сургаж байна. Англи хэл сураад, математик үзээд, өндөр төлбөртэй, гадаадын хөрөнгө оруулалттай сургуульд сурч, улмаар их сургуульд сурахдаа мөн гадаадын орон сонгож, сургуулиа төгссөнийхөө дараа тэндээ ажиллаж, амьдарч байна.
Угтаа бол 1-5-р ангийн сурагчдаа төлбөртэй, хувийн сургуульд суралцуулахаас илүүтэй яг адилхан монгол хүүхдийг, монгол хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх зорилгод бага боловсрол маань зориулагдах ёстой гэж би боддог. Ахлах ангиасаа гадаад хэлээ сурвал гадаад улсад ажиллаж, амьдрах гэхээсээ илүү Монголдоо мэдлэг чадвараа зориулж, улс орныхоо төлөө ажиллах болов уу гэж боддог. Бас боловсролынхоо агуулгад онцгой анхаарах хэрэгтэй. Үүнийг ч хүмүүс ихээхэн шүүмжилдэг.
-Өнгөрсөн парламентын үед сурагчдыг 3 дугаар ангиас нь эхлээд, гадаад хэл заахаар болсон. Гэтэл таны хувьд дунд ангиас нь эхлэн гадаад хэл заах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хэрэв ийм сонголт хийвэл бид Дэлхийгээс хоцорчих юм биш үү?
-Энэ үзэл санаа л бидний эдийн засаг төдийгүй амьдралын мөн чанарын хувьд төвөгтэй асуудал болж байна гэж би хараад байгаа юм. Мэдээж хэл сурах нь зөв. Жилийн 10,000 гаруй ам.доллар төлөөд, нэгдүгээр ангийн хүүхдэдээ англи хэл заалгана гэдэг бол эцэг эхэд санхүүгийн маш том дарамт үүсгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хүүхэд маань хараахан төлөвшиж амжаагүй байхдаа гадаад хэл сурвал өөрийнх нь дотоод ертөнцөд зөрчил үүснэ. Багаасаа гадаад хэл сурсан хүүхдүүдийн хандлага, сэтгэлгээ, үзэл бодлыг харахад, Монголд байгаа гадаад хүн болоод байна. Эцсийн эцэст Монгол Улс бол монгол хүн дээр тогтоно. Монгол хүн байж байж Монгол Улс байна.
Нөгөөтэйгүүр хүүхдүүд хүссэн ч, эс хүссэн ч англи хэл сурч байгаа. Үзэж, сонсож байгаа зүйл нь ч гадаад хэлтэй. Яах вэ, гадаадын контент, гадаад кино үзээд, өөрсдөө хэл сурч байгаа ч тохиолдол бий.
Гэхдээ миний хувьд төрийн бодлого, тогтолцооны асуудалд байр сууриа илэрхийлж байгаа шүү дээ. Гадаад хэл үзэж болохгүй, англи хэл сурч болохгүй гэж тулгасан зүйл огт байхгүй. Хамгийн гол нь төрийн бодлогын хувьд сайтар анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед үе хоорондын зөрчил, үл ойлголцол гэдэг асуудал маш их гарч байна. Энэ нь эргээд оюун санаа, сэтгэлийн хямралд хүргэж байна. Тийм учраас залуучуудын нийтлэг бодол бол гадагшаа гарч ажиллах, гадаадад сурах болчхоод байна. Эх орондоо сурч, ажиллаж, амьдаръя гэсэн хандлага үнэхээр байхгүй болсон. Угтаа бол төр гэдэг нь үндэстний оюун санааны асуудал дээр бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлдэг байх үүрэгтэй. Гэтэл манай төр энэ үүргээ биелүүлэхгүй байна.
Ерөнхийд нь боловсролыг ярианы болон ухуулга сурталчилгааны нэр төдий ашиглаад байгаа учир бодит амьдрал дээр буухгүй байгаа юм.

-Төрийн бодлого буруу байна гэлээ. Нэг их гоё уриа тавиад лоозон гаргачихсан. Яг амьдрал дээр залуучууд “Монголын боловсрол шаардлага хангахгүй байна” гэж үзээд гадагшаа яваад, гадаадын программтай сургуулиуд сонгоод байна. Тэгэхээр боловсролын бодлого яг өнөөдөр зөв явж байна уу. Алдаа нь юу байна?
-Хувь хүмүүс бол хүүхдийнхээ боловсролд онцгой анхаарч байна. Гэтэл төрөөс ямар ч бодлого алга. Үе үеийн боловсролын сайд нар кембриж, насан туршийн боловсрол ч гэдэг юм уу гаднаас зээлдэж ирсэн хөтөлбөр оруулж ирээд, түүнийгээ боловсролын байгууллагуудад хүчээр тулгадаг.
Жишээлбэл: 12 жил суралцахад 3 өөр хөтөлбөрөөр бодлого нь тодорхойлогдчихож байгаа юм. Бид өөрсдөө Монголын боловсролын шалгуур эрэмбийг гаргаад, аль асуудалд нь анхаарах ёстойг тодорхойлох ёстой.
1990 оноос хойш гаднын үзэл санааг дагасан бодлогоор сургалт явж байна. Угтаа бид өнөөдөр Монгол гэдэг нэрийг Дэлхийд гаргах цаг болсон. Тиймээс боловсролын системийг зөв боловсруулж, 12 жилийн дараа ямар хүнийг бэлдэх юм бэ гэдэг алсын хараагаа бодитой, суурьтай харж байж бид үр дүнд хүрнэ.
-Зах зээлийн нийгэм учир хүмүүс сонголтоо чөлөөтэй хийж байна. Гэхдээ 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдийн сонголтод яагаад Монголдоо нэгд ордог МУИС багтахгүй байгаа юм бэ. Миний хувьд харахад гадаадын сургуулиуд чанар, сургалт, орчны хувьд илүү байх шиг байна?
-Нэгдүгээр ангиасаа эхлээд, төлбөртэй сургуульд суралцаж байгаагийн гол шалтгаан бол яах аргагүй гадагшаа явж сурах. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай сургууль төгсөж байгаа хүүхдүүд элсэлтийн шалгалт өгөхөө больчихсон. Түүнээс гадна МУИС-д элсэж байгаа хүүхдүүдийг харахад ерөнхийдөө дунджаас доогуур түвшний гэр бүлийн хүүхдүүд байдаг. Суурь боловсрол нэлээн муудсан гэж яриад байгаа нь яг үнэндээ улсын сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд л илүүтэй ажиглагдаж байгаа.
-Боловсролын чанарыг сайжруулаад байна гэсэн хэрнээ өнөөдөр ийм байдалтай байна шүү дээ. Тэгэхээр боловсролын сууриа яаж зөв болгох вэ?
-Бага боловсролыг илүү тэгш болгох хэрэгтэй. Өөр программууд үзэхгүй, хувийн сургуулиудад сургахгүй байх шаардлагатай. 1-5-р ангийн хүүхдүүдийн суурийг зөв тавиад өгчих л дөө. Цаашдаа тухайн хүүхэд өөр чиглэлээр сурах боломжтой шүү дээ.
-МУИС-д жил бүр элсэн орж ирж байгаа оюутнуудыг харахад, сурлагын чанар хэр зөрүүтэй байна вэ. Өгсөж байна уу, уруудаж байна уу?
-Манай багш нар “Жилээс жилд хүүхдүүдийн боловсролын чанар, түвшин буурч байна” гэж ярьдаг. Дээрээс нь ном уншихгүй байна. Дүнгийн төлөө илүү их явдаг болсон. Анх намайг багш болж байхад оюутнууд дүнгийн төлөө сурдаггүй байсан. Гэтэл одоо бол хэлбэр, дүн рүү илүү их туйлширч байна гэж багш нар харж байгаа. Энэ ч бас суурь боловсролын чанартай холбоотой.
-Суурь боловсрол дээр алдаа байна. Үүнийг засаж байж дараа дараагийн шатны боловсролын чанар сайжирна. Тэгвэл дээд боловсролын чанарын талаар ярилцъя. Бас л алдаа дутагдал бий. Үүнийг хэрхэн засах юм бэ?
-Эхлээд дээд боловсролынхоо концепцыг тодорхойлох ёстой. Социализмын үед мэргэжилтэн бэлддэг байсан бол одоо бакалаврын зэрэгтэн бэлдэж байгаа. Хуучных шиг сэтгүүлчээр сурч төгссөн хүн сэтгүүлч хийх ёстой гэдэг ойлголт одоо байхгүй.
МУИС 2013 оноос АНУ-ын боловсролын Либерал-Арт гэдэг тогтолцоог нэвтрүүлж байсан. Үүний учир нь юу вэ гэхээр тухайн оюутныг хүний хувьд, мэргэжлийн хувьд бэлтгэж, ерөнхий суурийн хичээл их ордог байсан. Гэтэл одоо үе үеийн сайд нарын бодлогоор 60 кредит байсан ерөнхий суурь хичээл 31 кредит болсон. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хичээлүүдийг нэмэхийн тулд тэр бодлогыг халсан. Энэ нь миний бодлоор хувийн сургуулиудаас болсон гэж боддог.
-Тэгэхээр аль болох тухайн мэргэжил рүү нь чиглүүлсэн сургалтын программ руу шилжсэн гэсэн үг үү?
-Тийм.
-МУИС дээр болон сүүлийн үед хамгийн их яригдаж байгаа гол зүйл бол элсэгчдийн асуудал. Тэр дундаа байгалийн ухааны чиглэлээр элсэж буй элсэгчдийн тоо эрс багассан. Нэг ангид 3 оюутан элсэж байна гэх мэдээлэл ч бий. Үүн дээр ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Байгалийн ухаанаар суралцах сонирхолтой оюутнуудын тоо цөөн байна гэсэн үг л дээ. Ер нь манай улсад хуульч, сэтгүүлч, багш гэдэг мэргэжил сонгодог хүүхэд их шүү дээ. Физикч болъё, математикч болъё гэдэг хүүхэд үнэхээр цөөн.
Энэ нь дахиад ерөнхий боловсролын сургалттай холбоотой. Тэнд хүүхдүүдийг математик, физикээс айдаг, зугтдаг болгочхож байгаа юм. Гэтэл манай физикийн багш “Хүүхдүүдийг математик, физикийн хичээлд дуртай болгох боломж байна” гэж ярьдаг. Манай физикийн багш нар тийм загварын хичээл гаргаад, хөдөө орон нутгуудад сургалт зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд байгалийн ухааны элсэгчийн тоо 80 хувьд хүрсэн. Гэтэл 2, 3 жилийн өмнө 50 хувьтай байсан. Энэ жил алтан гахай жилийн төгсөгч олон байсан учир, бас орон нутагт ажилласан багш нарын маань сургалт нөлөөлсөн. Ер нь байгалийн ухааны сонголт зөвхөн Монголд төдийгүй Дэлхийд ч цөөрсөн. АНУ-д байгалийн ухааны чиглэлээр дандаа гадаад орны оюутнууд суралцдаг юм билээ.
-Байгалийн ухаан яагаад хэрэгтэй вэ. Энэ салбар яагаад бодлогын хувьд анхаарлын төвд байх ёстой юм бол?
-Байгалийн шинжлэх ухаан бол аж үйлдвэрийн суурь салбар. МУИС Дэлхийн их, дээд сургуулиудаас 1987-р байрт эрэмбэлэгдсэн. Үүний гол шалгуур нь юу вэ гэхээр байгалийн ухааны эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, судалгааны тоо зэрэг байдаг. Айлаар яривал хүүхдүүдээ шинжлэх ухааны мэдлэгтэй болгож байгаа юм. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг бол нүдэнд ил харагдахгүй ч далд байдлаар нийгмийн оюун санаанд нөлөөлж байдаг. Ил байдлаар эдийн засгийг тодорхойлж байдаг.
Технологийн хувьд урагшилна гэдэг нь байгалийн шинжлэх ухаантай шууд холбоотой. Эдийн засгийн хөгжилд шинэ технологи нэвтрүүлэхэд байгалийн шинжлэх ухаан хэрэгтэй. Дэлхий дээр байгалийн шинжлэх ухаан бол заавал дэмжлэгээр явдаг. Харвард гэхэд 2 тэрбум ам.долларын санхүүжилт өгдөг. Харин Япон том биш сургуулиуддаа шууд биш замаар 76 тэрбум ам.долларын санхүүжилт өгдөг. Гэтэл энэ жил 60 тэрбум ам.доллар болгосон байсан. Үүний үр дүнд топ 2 сургууль нь Дэлхийн шилдэг 100 сургууль байхаа больсон. Түүнээс гадна 1 багшид ногдох оюутны харьцаа 30 байгаа. Дэлхийд 1 багшид 10-15 оюутан байдаг.
-Байгалийн ухааны мэдлэг боловсрол олгож байгаа багш нарын түвшин ямар байна?
-Манай байгалийн ухааны багш нар том том эрдмийн зэрэгтэй. МУИС төдийгүй улсдаа тэргүүлдэг. 90-ээд хувь нь эрдмийн зэрэг цол өндөртэй гэж хэлж болно.
-Насны хувьд ямар байна?
-Сүүлийн үед залуучууд их нэмэгдэж байгаа. Гадаадын хөтөлбөрүүдэд хамрагдсан, Солонгос, Японд докторын зэрэг хамгаалсан залуус олон байна. Гэвч залуучуудыг барьж авч үлдэхэд, цалин хөлсний асуудал хүндрэлтэй байгаа юм.

-Өнөөдрийн нөхцөлд олон улсын зэрэгтэй хүмүүсээр бүрдүүлсэн баг цалингаа авч, өөрийгөө хөгжүүлж, цаашлаад сургалт, судалгаагаа хийж чадахгүй байна гэсэн үг үү. Хэрэв тийм бол яах ёстой вэ. Яаж багш, ажилчдаа тогтоох вэ?
-Лаборант, туслахууд тогтохгүй байгаа. Нэг жил ажиллаад, илүү өндөр цалинтай хувийн хэвшил хайгаад явчихдаг. Тэр дундаа физикийн лаборант нарийн туршилт хийдэг тул маш туршлагатай хүн байх ёстой. Гэтэл 1 сая 400 мянган төгрөгийн цалин авч байна. Багш нар ч автобусны жолоочоос бага цалин авч байна гэж гомдоллодог. Гэхдээ өөрөө мэргэжилдээ дуртай, их сургуульдаа хайртай учраас итгэл дээр тогтож байна. Өнөөдрийн нөхцөлд их сургуулийн цалин маш бага, ядмаг.
–Энэ асуудал хэдэн жилийн дараа зовлон болох байх. Бидний хувьд сайн боловсролгүй бол сургуулийн үнэлэмж унахаас эхлээд асуудал үүснэ. Ер нь төр аль ч салбарт ороод, бужигнуулаад байвал хөгжил авчрахгүй. Тэнд танил тал, авлига, ашиг сонирхол гээд арай өөр зүйл өрнөөд байгаа харагддаг. МУИС хэчнээн ажилтантай юм. Зарлага, зардлуудаа зориулалтын дагуу зарцуулж байна уу?
-Их сургууль 700 гаруй багштай. Ажилтан нь мөн адил. Үүнийг манай зарим багш шүүмжилдэг. Нэг сонирхолтой зүйл нь манай сургалтын алба яамны ажлыг хийдэг. Ингэхдээ бүх тоон стастисик, судалгаа, мэдээллийг шивдэг. Мэдээллийнтехнологи хөгжсөн үед яамны мэдээллийн санд манай ажилтан гараар шивж оруулна гэдэг гайхалтай зүйл. Үүнийг технологиор шийдэж болно. Гэтэл улам дордож байна. Нэг тушаалыг гэхэд монгол бичиг, англи хэл, кириллээр бичих юм. Энэ нь ажлын ачааллыг нэмж байгаа.
-Менежмент, арга барилаа өөрчлөх боломж бий юу. Хувийн сургуулиуд яаж бага зардлаар чанартай боловсрол олгох вэ гэж зорьдог. Гэтэл улсын сургуулийн захиргааны ажилчид нь багш нараасаа олон байх нь зөв менежмент мөн үү?
-Төрөөс хараат бус байж чадахгүйд асуудал бий. Бид төлбөрөө нэмэхийн тулд Удирдах зөвлөлөөр батлуулах ёстой. Удирдах зөвлөлийн 50-иас дээш хувь сайдын томилсон гишүүд. Тэд сайдын болон төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Тиймээс бид сургалтын төлбөрөө нэмэх боломж хязгаарлагдмал. 2016 онд их сургуулийн удирдах зөвлөлийг олон нийтийн болгох хууль баталсан. Гэтэл 2016 онд МАН уг хуулийг хүчингүй болгосон. Тэр үед боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбарт нэр хүндтэй хүмүүсээр Удирдах зөвлөлөө бүрдүүлж, их сургуулийн төлөвлөгөөтэй уялдуулж, бодлого гаргах зарчмаар ажиллая гэсэн ч амжилт олоогүй. Тухайн үед Лу.Гантөмөр сайд байхдаа өөрийнхөө хүмүүсээр Удирдах зөвлөлийг бүрдүүлчихсэн. Юу гэх гээд байна гэхээр төрийн бодлого нь сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл: УИХ-ын гишүүн болохын тулд орон нутагт очоод “Дэлхийн боловсролыг Монголд эзэшмшүүлнэ. Их, дээд сургуульд хүүхдийг нь сургана. Төлбөрийг нь хөнгөлнө гэх мэт ухуулга сурталчилгаа хийдэг. Тийм учраас их сургуулийн төлбөрт уян хатан нөхцөл байхгүй. Иймд Удирдах зөвлөлийг төрөөс хараат бус байлгах хэрэгтэй.
-Эрэлт байхад үнийг нь өөрсдөө тогтоовол эдийн засгийнхаа зарчмаар явах байх. Төр оролцохоор бодлогогүй болчихдог. Тэгвэл олон улсад байгалийн ухааны салбараа дэмждэг. Энэ салбараа төр яаж дэмжих ёстой вэ?
-Хэд хэдэн арга байна. Лаборатори, дадлагын хичээлийн кредитийн зөрүү мөнгийг байгалийн ухааны салбарт дэмжлэг болгон өгөх, эсвэл МУИС-ийн байгалийн ухааны салбарын нийт төсвийн 20 хувийг өгөх. Энэ жил Байгалийн ухааны сургуулийн орлого 6 тэрбум, цалин нь 14 тэрбум гээд бодвол 6 тэрбумын зөрүү гарч байна. Үүнийг төр 20 хувьдаа тооцох эсвэл бидэнд дэмжлэг үзүүлж, оронд нь судалгаа, төсөл хийлгэж болно. Ерөнхий төсвийн 20-25 хувийг төр даах гэх мэтээр асуудлыг шийдэж болно. Ганцхан МУИС биш, МУБИС-ийн байгалийн ухааны салбар ч алдагдалтай. Ч.Номин сайдын үед хүүхдүүдийг кино театрт кино үзүүлнэ гээд 10 гаруй тэрбум төгрөг баталсан. Гэтэл манай байгалийн ухааны салбар нийгэм, хүмүүнлэгийн ажлаараа алдагдлаа нөхөж явна. Нэг асуудал боловч 2-3 сөрөг үр дагавар бий болгож байна. Улсаас судалгаа, шинжилгээнд зориулсан мөнгө нь 1 тэрбум хүрдэггүй.
–Өөрдөө зах зээлийн зарчмаараа энэ асуудлыг шийдэж болохгүй юу. Яагаад байгалийн ухааны салбарыг санхүүжүүлж, дэмжих ёстойг та тайлбарлаач?
-Маш хэрэгтэй салбар. Цэвэр мэдлэг бүтээх салбар бол байгалийн ухаан. Улс орны хувь заяанд нөлөөлөх салбар.
–Багш нарын чадамж тааруу, уруудаж байна хэмээн ярьдаг. Үүнийг засахгүй бол гажуудал үүснэ. Танай сургуульд багш нарын чадамжийн асуудал тулгамдаж байна уу?
-Цалин бага, дарамт их бий. Массаар нь харахад багшаар ажиллах сонирхол бага. Иймээс үнэлэмжийг нь нэмэх хэрэгтэй. Өндөр цалинтай байвал өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ байдлаар асуудлыг шийдэх ёстой. Нэмнэ, нэмэгдэл өгнө гэсэн аргацаасан байдлаар шийдэж чадахгүй. Нэг өдөр бид үүнийхээ горыг амсана. Боловсролын тогтолцооны үр нөлөө 10-20 жилийн дараа илэрдэг. Тэр үед бид түүнийг засаж чадахгүй.
-Боловсролын салбарын бүх зүйлийг эргэж харах ёстой юм байна, тийм үү?
-Ер нь манай Дээд боловсролын хууль хувийн сургуульд зориулагдсан. Үүгээр бид асуудлаа шийдэх хэцүү. МУИС дүрэм журмаа өөрчлөх гэхээр хууль нь зөрөөд байдаг.
–Хохироод байж яагаад өнөөдрийг хүртэл дуугуй явав?
-Миний ярьж байгаа энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж багаа зүйл биш. Багш нарын хүрээнд олон ярьсан. Харин сайдын түвшинд энэ асуудлыг ярих гэхээр хүчгүй юм. Манай салбарын сайд чимэглэлийн төдий байна. Манай нийгэмд их дээд сургуулиуд төлбөр авч байж улсаас юм авна гэж байхгүй гэсэн хандлагатай хүмүүс бий. Бид төрийн өмч дотор хувийн сургууль шиг л байна.
-Төр хувийн гэж ялгалгүй боловролын салбарыг цэгцлэх шаардлагатай болж тийм үү?
-Өндөр хөгжилтэй орнуудын хөгжил боловсролоосоо эхэлсэн байдаг. Иймд боловсрол маш чухал. Бид өнөөгийн нөхцөлд гуталтай ч юм шиг, гуталгүй ч юм шиг болчхоод байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа


