Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан 2025 оны 12 дугаар сарын 4-нөөс Австри, Итали, Швейцарь, Герман, Норвеги улсад зохион байгуулах өвлийн спортын дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Маргааш Германд болох дэлхийн цомын төлөөх уралдаанд орон орны шилдэг биатлончидтой өрсөлдөнө. Түүний дараа 1 дүгээр сарын 14-нд дараагийн тэмцээнд уралдана.
ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайханы хувьд хувийн оноогоо ахиулж чадвал “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд эрх авах боломжтой. Өнгөрсөн улирлын дараах үзүүлэлтээр Э.Энхсайхан олимпын үлдсэн 12 эрхийн төлөө өрсөлдөж байгаа 20 тамирчнаас 16 дугаар байрт жагсаж байна.
Жагсаалтыг Молдав Улсын тамирчин Максим Макаров 51.31 оноотой тэргүүлж байгаа бол дэд ахлагч Э.Энхсайхан 126.26 оноогоор 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Хэрвээ манай улсын тамирчин 1 дүгээр сарын 18 хүртэлх Олон улсын биатлоны холбооны дэлхийн цуврал тэмцээнд амжилттай оролцож, хувийн оноогоо 90-100 руу багасгаж чадвал олимпын эрх авах боломж нэмэгдэнэ.
Дэд ахлагч Э.Энхсайханы оролцож буй тэмцээний хуваарь:
- 12-р сарын 4-8 Обертиллиах, Австри Дэлхийн цом /IBU cup/
- 12 сарын 12 Хохфильцен, Австри Дэлхийн цом /IBU cup/
- 12-р сарын 13-15 Риднаун, Итали Дэлхийн цом /IBU cup/
- 12-р сарын 17-20 Ленцерхайде, Швейцарь Дэлхийн цом /IBU cup/
- 1-р сарын 8-11 Арбер, Герман Дэлхийн цом /IBU cup/
- 1-р сарын 14-18 Рупольдинг, Герман Дэлхийн цом /IBU cup/
- 01/28-02/03 Шушёэн, Норвеги Дэлхийн цом /IBU cup/
Өвлийн олимпын наадамд оролцох биатлоны тамирчид 1 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн тодорно.
Монголын биатлоны шигшээ багийн тамирчид өнгөрсөн зун Беларусь улсын Раубичи, Казахстаны Шүчинск баазад, өвлийн бэлтгэлээ Австри улсын Тирол мужид тус тус хийсэн байна. Шигшээ багт Европын залуучуудын аварга ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан болон Б.Анхболд, М.Должинсүрэн, Ж.Гантулга , Х.Сумъяа нар багтсан бөгөөд Беларусь улсын гавьяат дасгалжуулагч Александр Владимирович Попов болон Зайцев Слав нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа гүйцэтгэж, уралдаан тэмцээндээ оролцож байна.

