СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр 2012 онд төгссөн С.Цацрал “Сэтгэлийн чанадад”, “Veritas” нэртэй бие даасан хоёр үзэсгэлэн гаргаж, дотоодын үзэсгэлэнгүүдэд оролцсоор иржээ. Харин энэ удаад “Бүсгүйн өнгө” дөрөв дэх үзэсгэлэнгээ “Монгол зураг арт 21 галерей”-д нийтэд толилуулж буй уран зураач бүсгүй С.Цацралтай ярилцлаа.
-Бүсгүйн өнгө үзэсгэлэнгийн онцлог юу байв?
Өмнөх үзэсгэлэнгүүдээ 3 жил тутамд 1 удаа бэлдээд, гаргаж байсан. Сүүлийн 5-6 жил хийсэн бүх уран бүтээлээ энэ удаагийн үзэсгэлэндээ тавилаа. Үүнээс уран бүтээлчийн хувирал өөрчлөлтийг харж болно.
-Та уран зурагтаа ихэвчлэн эмэгтэй хүн дүрсэлдэг. Энгийн атлаа монгол төрх шингээж зурдаг онцлогтой юм байна. Яагаад эмэгтэй хүнийг гол дүр болгодог юм бэ?
Би өөрөө эмэгтэй хүн болохоор эмэгтэй хүнээр төлөөлүүлээд, өөрийнхөө гаргах гэж байгаа санаа, илэрхийлэх зүйлийг төлөөлөөд, зурах нь надад амар байдаг.

-Таны зурагнуудаас харахад эмэгтэй хүнийг урт үстэй дүрсэлсэн байна. Мөн эрвээхэйг бас уран зургандаа их ашигласан байна. Үүний учир шалтгаан?
Урт, өтгөн үс ихэвчлэн долгионтой зурагдсан. Үс хүний мэдээллийг агуулдаг гэж би боддог. Тухайн дүрийнхээ урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэдэж зурдаг. Эрвээхэй маш олон янзын бэлгэдэлтэй, утга агуулгатай байдаг. Эрвээхэй чамин мөртлөө гар хүрэхэд далавч нь гэмтдэг, эмзэг, нандин, хувирч өөрчлөгддөг амьтан. Тийм учраас тухайн дүрийнхээ хувирал, өөрчлөлтийг бэлгэдэж зурдаг.
–Зургаа зурахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?
Зураг, зурагнаасаа шалтгаалаад янз янз. Заримыг нь хурдан зурна. Заримыг нь нэлээн бодож байж зурна. Гэхдээ дотроо эхэлж төсөөлөөд, дүрслэлийг нь буулгасны дараа материал дээр буулгахад 1-2 сар орчим зурдаг.
-Эмэгтэй хүн зурахдаа өөрийгөө боддог уу, аль эсвэл өөр хүн бодож дүрсэлдэг үү?
Эргэн тойрныхоо хүрээллээс, уншиж байгаа ном, үзсэн кино, сонссон дуунаасаа санаа авч зурдаг. Өөрийгөө бол нэг их бодож зурдаггүй ээ.
–Опт-арт зурдаг гэсэн шүү дээ. Үүнийг дэлгэрүүлбэл?
Опт- арт гэдэг нь оптикал арт гэдэг үгнээс гаралтай хар зураг. Хараазүйн давтамжтай хээ. Хавтгай хэрнээ орон зайтай, наана цаана хөдлөөд байгаа юм шиг. Нүд хуурдаг нь надад таалагддаг учир би бүтээлдээ их ашигладаг. Авдар, сүм, хийдийг чимэглэсэн хээ угалз оптикал арт өнгийн дагнаас давтамжтай байдаг. Үүнтэй хослуулаад л уялдуулаад ашигладаг.

-Таны бүтээлд цэцэг бас их байна. Үүний шалтгаан?
Зурж буй зургандаа сайн сайхан, тэр хүний аз жаргалтай байгаа цаг мөч, дурсамжийг зурахыг хүсдэг. Цэцэг цэвэр ариун, нандин, дэлбээлдэг учраас дэвжин дээшлэх гэдэг утгатай. Маш олон төрлийн цэцэг бий. Түүнээсээ шалтгаалаад олон утга агуулгатай учраас дандаа сайхан талыг нь харж зурдаг.
-Уран бүтээлээрээ дамжуулаад юу илэрхийлж, мэдрүүлэхийг хүсдэг юм бэ?
Миний бүтээлийг хүн хараад тайван, амгалан мэдрэмж авна. Сайхан дурсамжуудаа сэргээж бодох байх аа. Тэр мэдрэмжээ дахиад аваасай л гэж хүсдэг.
-Таны бага насыг дурсъя. Олонх зураач багаасаа зурагт дуртай, уран зурагтай ойр өсдөг. Харин та багадаа ямар хүүхэд байв?
Хүүхэд байхдаа л цаас олдвол сараачдаг хүүхэд байлаа. Гэхдээ яг арван жилээ төгсөөд мэргэжил сонгох болоход, зураач болъё гэж шийдсэн. Тэгээд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд орж, монгол зургийн мэргэжлийг сонгосон. Яг их сургуульд анх орохдоо харандаагаа ч сайн үзүүрлэж чаддаггүй л хүүхэд байсан.

-Зураачийн ангид орохын тулд заавал сайн хар зураг зурдаг, хүн зурж чаддаг байх ёстой гэж би боддог. Тийм үү?
Тийм юм байгаагүй. Мэргэжлийн ур чадварын шалгалт өгсөн. Дугуйлан, сургалтад сурч байсан хүүхдүүдийн хажууд би шогийн юм зурсан. Өөрөөсөө ичээд “Би тэнцэхгүй юм байна” гэж бодож байтал азаар тэнцчихсэн.
-Тухайн үед гэр бүлийнхэн тань хэр хүлээж авав. Танай гэр бүлд энэ чиглэлийн хүн бий юү?
Манай аав зураг төслийн багш мэргэжилтэй хүн болохоор миний сонголтыг ер нь ойлгож хүлээж авсан. Зураач болно гэхэд нэг их дургүйцээгүй ч уран зургийн ангид орвол зүгээр гэж зөвлөсөн. Харин би өөрөө монгол зургийн ангид орно гэж шийдээд, тэндээ элссэн дээ.
-Таныг “Энэ миний мэргэжил юм байна” гэж хамгийн хүчтэй мэдрүүлсэн, анх уран зурагт гүн дурлуулсан ямар нэг зураг, дурсамжаасаа хуваалцаач?
Би 2012 онд сургуулиа төгсөөд, хүүхэдтэй болсон. Тэгээд хоёр жил гэртээ хүүхдээ харж байгаад, дахин зурж эхэлсэн. Оюутны ширээнээс дөнгөж гарсан хүн болохоор яг юу зурахаа ч сайн мэдэхгүй, янз бүрийн зүйл оролдож байлаа. Тэр үед манай ангийн багш “Өөрийнхөө мэддэг, өөрт ойр зүйлээ зур” гэж зөвлөсөн. Эмэгтэй хүн надад илүү ойр учраас түүнийг л зурж эхэлсэн. Тэр үеэс л би эмэгтэй хүнийг голлон зурах юм байна гэдгээ ойлгосон доо.

-Анхны бүтээлийнхээ түүхээс яриач?
Анхны бүтээл гэвэл би өөрийнхөө хүүхдийг бодож, ээж, хүү хоёрыг дүрслэн зурсан. Тэгэхэд амаржаад удаагүй байлаа. Тэр зураг маань эхийн хайрыг илэрхийлэхийг зорьсон, уран бүтээлийн эхлэл байсан байх.
-Үзэсгэлэн гаргах болгонд ирсэн хүмүүсээс хамгийн хөгжилтэй, мартагдашгүй ямар үг сонсож байсан бэ?
Манай багш “Уртын дуу шиг санагдаж байна. Тайвшруулж чадаж байна” гэсэн. Анхны үзэсгэлэн дээр оптик ашигласан зураг маш олон байсан. Үзэсгэлэн үзэж байсан хүн обой зураад байгаа юм уу. Энийг хэвлэчихсэн юм уу гэж асуусан. Жирийн хүнд давтамж тэгж санагдсан байх аа.
–Тухайн үед нь та яг юу гэж хариулав?
“Би энэ обойгоо урлагийн бүтээл болгоно” гэсэн. Одоо урлагийн бүтээл болгоод баталсан байх аа.
-Анхны үзэсгэлэнгээ гаргаж байхад ямар байсан бэ?
Би анхны үзэсгэлэнгээ 2021 онд “Сэтгэлийн чанадад” нэртэйгээр гаргасан. Үзэсгэлэн гаргах тухай бодоход яг өөрөө зориглохгүй “Ямар ч л байсан зурж л байя” гэж зургаа хураагаад хадгалсаар байсан. “За би ч арай болоогүй байх” гэж бодоод хойшлуулсаар байсан. Манай зураач найз Солонгоо “Чи үзэсгэлэн гаргах уу?” гэж санал тавьсан. Намайг дэмжиж, бүх боломжийг бүрдүүлж өгсөн учраас би Улаанбаатар арт фестивалын хүрээнд үзэсгэлэнгээ гаргаж чадсан.

-Зураачийн хувьд шандас шаардсан бүтээл зурахыг хүсдэг л байх даа?
Хүн харахад л хүчтэй сэтгэгдэл төрүүлэх зураг зурахыг мөрөөддөг дөө. Их сургуульд Дэлхийн урлагийн түүх гэж хичээл ордог. Тэр хичээл дээр проектороор зураачдын бүтээл үзэж, тайлбар сонсдог байсан. Тэгэхэд Репиний нэг зураг харж байсан санагдана. Эхнэртэйгээ хамт, далайн ус цалгилсан зураг. Тэр зургийг хараад надад усан дотор амьсгалж чадахгүй байгаа юм шиг, нүүр лүү хүчтэй алгадаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Түүн шиг үзэгчдэд шууд хүрдэг зураг зурж, сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа


