horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

УИХ 18 гишүүнээ мөрдөн байцаалтаас хамгаалж, 7 гишүүнээ түлхжээ

post-img

1990 оноос хойш Монголын парламент миний мэдэхээр 25 гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, Д.Дамдин, С.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Баттулга, Н.Номтойбаяр, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Бүрэн эрхийг нь УИХ түдгэлзүүлэлгүй авч үлдсэн гишүүд дундаас Д.Гантулга, Б.Батзориг нар дараа нь сонгуульт ажлаасаа сайн дураар чөлөөлөгдсөн байна.  

УЕПГ-аас УИХ-д албан бичиг илгээгээгүй байхад өөрөө сайн дураар бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагад очиж шалгуулсан гишүүн 2 бий. Тэр нь Ц.Элбэгдорж, Ж.Мөнхбат нар.

Ер нь УИХ түүхэндээ хэдэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлснийг эргэн саная.

Д.Дамдин. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 1990 оны 12-р сард Улсын бага хуралд “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 20-р тогтоол гаргаж, 1991.01.16-наас мөрдүүлэх болсноо танилцуулжээ. Үнэ чөлөөлсөн энэ тогтоолыг УБХ-ын 13 гишүүн өөртөө ашигтайгаар ашигласан, нууц задруулсан гэж буруутгасан байдаг. Тэднээс 12 нь буруугүй болж таарсан бол Д.Дамдин гишүүнийг улсын нууц задруулсан буруутайд тооцжээ. Ингээд түүний УБХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гарснаар Д.Дамдин өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүнийг нь УБХ хүлээж авчээ.  

С.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Баттулга. Казино байгуулах тендер будлиулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун, УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын мөрдөн байцаах газрын дарга Д.Алтангэрэл 1999.04.09-нд УИХ-д танилцуулжээ. ЦЕГ-ын уг хүсэлтийг УИХ нээлттэй хэлэлцээд, уг 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. УМБГ тэдний хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн бол шүүх тэдэнд хорих ял оноожээ.

Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Гүндалай. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг 2007.12.28-нд УИХ-д хандаж, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Л.Гүндалай нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавив. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай гурвыг “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг авч, хувьдаа завшсан, гадаадад очиж мөрийтэй тоглосон, банкны мөнгөөр намдаа “Фургон” машин авч өгсөн гэх мэт хэрэгт холбогдуулан шалгаж байлаа, тэр үед. Харин Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Хэрвээ түүнийг түдгэлзүүлэх асуудлыг дангаар нь УИХ-д танилцуулсан бол “Л.Гүндалай баяртай” болох магадлал өндөр байв. Нөгөө гуравтай нь хамт оруулж ирсэн учир МАН-ынхан гишүүдээ авч үлдэхдээ Л.Гүндалайг ганцааранг нь түлхчихэж чадаагүй. Муухай харагдана шүү дээ.

Гишүүдийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийх, баримт бичгүүдэд үзлэг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг улсын ерөнхий прокурор хүссэн юм. Гэтэл нөгөөдүүл нь “УИХ-ын гишүүн миний гэр орон, албан өрөө, тээврийн хэрэгсэл болон биед үзлэг, нэгжлэг хийхийг сайн дураараа дахин зөвшөөрч байна” гэж М.Алтанхуяг прокурорт хэлснээр, УИХ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр зөвхөн гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед үзлэг, нэгжлэг хийхийг зөвшөөрсөн байна.

Д.Дондог. УПЕГ 2011 оны 6-р сард УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д хүсэлт тавьжээ. Түүнийг иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” гэж 2 сая гаруй доллар залилсан хэрэгт холбогдуулан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба 2009.08.28-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. УИХ уг хүсэлтийг хүлээж аваагүй тул улсын ерөнхий прокурор Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д 3 удаа тавьсан юм. Гэсэн ч “Үйлдэл дээр нь бариагүй” гэсэн үндэслэлээр УИХ түүнийг удаа дараа авч үлджээ.

Д.Гантулга, Д.Мурат. Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурор 2018 онд УИХ-д ханджээ. Уг саналыг УИХ 2018.06.08-нд хэлэлцээд, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Үүний дараа Д.Гантулга гишүүн 2018.06.11-нд УИХ-ын даргад хандаж, УИХ-ын гишүүний сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав. Уг хүсэлтийг 2018.06.14-нд УИХ хэлэлцээд, хүлээн авчээ.

Б.Батзориг. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас авсан, олгосон зээлтэй нь холбогдуулан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурор 2018.11.08-нд УИХ-д танилцуулсан. Уг саналыг УИХ хэлэлцээд “Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын хувьд хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцож, огцруулсан” гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй. Харин жил гаруйн дараа 2020 оны 4-р сард Б.Батзориг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний сонгуульт ажлаас чөлөөлөгдсөн юм.

Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Б.Дамба-Очир. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Б.Дамба-Очир нарыг ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль бусаар зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж буй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр 2019.01.11-нд улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д хандав. Гэсэн ч УИХ уг хүсэлтийг хүлээж авсангүй.

Н.Номтойбаяр. Улсын ерөнхий прокурор 2020.01.15-нд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д гаргажээ. Уг саналыг УИХ  48 цагийн дотор шийдэх ёстой ч 15 хоногийн дараа хэлэлцэв. Г.Занданшатар даргатай УИХ 2020.01.30-нд 16-р тогтоол гаргаж, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Хэрвээ түүнийг түдгэлзүүлээгүй бол чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэх ёстой байв. Учир нь Н.Номтойбаяр гишүүн тухайн өдөр УИХ-ын гишүүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад албан ёсоор өгсөн юм.

Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2022.04.25-нд УИХ-д хүргүүлэв. УИХ хаалттай хуралдаж,уг асуудлыг хэлэлцээд, прокурорын саналыг дэмжээгүй юм. Ингэснээр тэдний бүрэн эрх хэвээр үлдсэн. Гэсэн ч энэ нь тэдэнд холбогдох Хөгжлийн банкны гэх хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхэд саад болоогүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноосон ч УИХ-ын гишүүн гэдэг шалтгаанаар цагдан хориогүй. Харин Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүй гэж шүүх үзсэн юм.

Ж.Мөнхбат. Нүүрсний хэрэг, мөрийтэй тоглоом, концессын гэрээ зэрэг хэрэгт өөрийг нь сэрдэж буйтай холбогдуулан, бас ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2023.01.30-нд өөрийн хүсэлтээр сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм. Тэр “Уг асуудлуудтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдахгүй шалгуулахад бэлэн байна” гэж өргөдөлдөө бичсэн байв. Чөлөөлөгдсөнийхөө дараа тэрээр АТГ-т очиж, мэдүүлэг өгөн, нүүрсний хэргээр шалгуулсан. Уг нь түүнийг УИХ-ын гишүүний ажлаас чөлөөлөх нь байтугай бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕПГ албан ёсоор УИХ-д тавиагүй байсан юм. АТГ ч улсын ерөнхий прокурорт тийм санал тавиагүй. Хэрвээ Ж.Мөнхбат өөрөө ажлаа өгөөгүй бол бүрэн эрхийг нь хөндөх байсан гэдгээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн дараа нь 2023.03.14-нд сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Энэ тохиолдолд Ж.Мөнхбат түрүүлж хөдөлсөн байлаа.

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн 2023.03.14-нд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж “Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлж байна” гэж мэдэгдэв. Үүний дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай улсын ерөнхий прокурорын хүсэлтийг 2023.03.29-нд хүлээж авав. Чуулганаар уг асуудлыг хэлэлцээд, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг авч үлдсэн юм.

0/1000