Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай өнөөдөр уулзаж, нийслэлийн Татварын газар, хэлтсийн удирдлагуудын гадаад руу аялал зугаалгаар явсан асуудлыг тодрууллаа.
Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран:
-Дубай явах арга хэмжээнд нийслэлийн Татварын газрын дарга болон дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга оролцохоор болсон гэдэг мэдээллийг нийслэлийн Татварын газрын дарга надад өгсөн. Татварын газрын даргын хувьд энэ албаны оролцуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Гадаад, дотоод томилолтыг Ерөнхий сайдын албан даалгавар болон Хэмнэлтийн хуулиар зохицуулаад, хэмнэхийг үүрэг болгочихсон байгаа учраас гадагшаа явах боломжгүй гэдгийг нийслэлийн Татварын газрын даргад биечлэн үүрэг болгож хэлсэн.
Нийслэлийн Татварын газрын дарга бол “Дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нарт гадагшаа явах асуудлыг ТЕГ зөвшөөрөөгүй учраас хойшлуулна, цуцална гэдэг байдлаар үүрэг өгөөд, эргээд надад мэдээлэл өгнө” гээд гарсан. Гэвч маргааш нь Дубай явсан гэдэг мэдээлэлтэй байна. Өнөөдрийн байдлаар эдгээр албан хаагчид ирээгүй байгаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Яагаад тэгээд даргынхаа үгийг тоодоггүй юм, төрийн албан хаагчид байж. Ямар ажлаар явсан юм, тэд. Ямар зардлаар явсан юм?
Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран:
-Яг тэр нарийн мэдээлэл алга. Ямар ч байсан улсын төсвөөс, татварын албанаас гараагүй. Өөрсдөөсөө бас гаргаагүй байх.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Нийслэлийн Татварын газрын дарга өөрөө явсан юм уу?
Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран:
-Явсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Ийм хариуцлагагүй дарга нар, албан тушаалтнаас болж, татварын албаны нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй. Нийслэлийн Татварын алба, дүүргийн Татварын хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөл.

