Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин өнөөдөр Улсын 2 , 3 дугаар төв эмнэлэгт ажиллаж алсын зайн оношилгоо, телемедициний тусламж үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах шаардлагатай гарц шийдлүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
Улсын 2 дугаар төв эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сард Зайн оношилгооны төв байгуулагдсан. УНТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ зэрэг лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар зайн оношилгоо, дүгнэлт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн 2025 онд 18 аймагт 4352 удаагийн дүрс оношилгооны дүгнэлт, зөвлөх үйлчилгээг үзүүлсэн талаар Зайн оношилгооны төвийн зохицуулагч Э.Маргад танилцуулав.

Улсын 3 дугаар эмнэлэг улсын хэмжээнд зүрх судас, мэдрэлийн мэс засал, зүрхний шигдээс, тархины харвалт, дотрын чиглэлээр алсын түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байна. Алсын зайн оношилгоо, цахим эмнэлгийн тусламж үзүүлэх хүрээнд өнгөрсөн онд 21 аймаг, алслагдсан нэг дүүргээс нийт 626 удаагийн алсын дуудлага хүлээн авчээ. Мөн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний алсын зайн оношилгоо, цахим эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд 594 удаагийн алсын дуудлага хүлээн авч телемедициний тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Телемедициний тусламж үйлчилгээ өргөн уудам газар нутагтай Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой бөгөөд замын түгжрэл, цаг хугацааг хэмнэн яаралтай тусламж, нарийн оношилгоог эдийн засгийн зардал багатай шуурхай үзүүлэх ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин зайн оношилгоо, тусламж үйлчилгээний цар хүрээг тэлж, яаралтай тусламж үйлчилгээнд ашиглах нь чухал гэдгийг онцлов. Телемедициний тусламж үйлчилгээг сайжруулах, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд эмнэлгүүд болон яамны төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллах хугацаат үүрэг өгөв. Ингэхдээ телемедициний тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал, сайжруулалт, хөгжүүлэлт хийх, техник төхөөрөмж, программын аюулгүй байдлыг хангах, давхардлыг арилгах, эмч мэргэжилтнүүдэд ашиглахад аль болох саадгүй байх шийдлүүдийг гаргахыг даалгалаа.

