horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Гэрлийн хурд”-аар өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хэн хяналт тавих вэ?

post-img

Сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж, иргэдийн өдөр тутмын амьдралд бодит дарамт учруулах боллоо. Хүнс, ахуйн хэрэглээний гол нэрийн бараануудын үнэ богино хугацаанд огцом нэмэгдсэн нь өрхийн санхүүд шууд нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар буурахад хүргэж байна.

Иргэд “Багш, эмч нарын цалин болон ахмадуудын тэтгэврийг нэмлээ гээд бараа бүтээгдэхүүний үнийг ингэж хөөрөгдүүлж байгаа хэрэг үү. Өнөөдрийг хүртэл кг мах 30 мянган төгрөгт хүрнэ гэж санасангүй” хэмээн бухамдлаа илэрхийлж байна.

Бид дээрх асуудлын дагуу зах худалдааны төв болон супермаркет, жижиг хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр худалдаалагдаж, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжиллаа.

Үхрийн цул махны үнэ 1.6 хувиар өсөж дунджаар 26 мянган төгрөгийн үнэтэй болжээ  

2026 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17.343 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 22.685 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар өсөж 22.685 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар өсөж 26.206 төгрөгийн дундаж үнэтэй болжээ.

Харин гурилын үнэ “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3507 төгрөг, нэгдүгээр зэрэг нь 2508 төгрөг, хоёрдугаар зэрэг 1401 төгрөг байна.

Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 1.0 хувиар өсөж 3718 төгрөг, Монгол байцаа 2.1 хувиар өсөж 3735 төгрөгийн дундаж үнэтэй байна. Харин монгол сонгино, лууван, төмсний үнэ зах, худалдааны төвүүдэд тогтмол үнэтэй байгааг Нийслэлийн статистикийн газраас мэдээлжээ.

Тэгвэл өнгөрсөн сарынхаас үхрийн цул махны дундаж үнэ 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.

Бидний судалснаар өнгөрсөн баасан гарагийн байдлаар мини маркет, жижиг хүнсний дэлгүүрүүдэд үхрийн мах кг нь 18-20 гаруй мянган төгрөгөөр худалдаалж байна.

Харин “Номин” супермаркетад хонины цул мах кг нь 17.780 төгрөг, үхрийн цул мах 24.980, үхрийнмах ястай нь 21 орчим мянган төгрөгийн үнэтэй байв.

Харин Алтан тариа дээд гурил 3500, нэгдүгээр зэрэг нь 2488, хоёрдугаар зэрэг нь 1138 төгрөгийн үнэтэй байна.

Мөн хүнсний ногооны хувьд монгол лууван 2138, монгол төмс 2500 төгрөг, манжин 2248 төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. 

Үүний дараа бид “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьсон юм. Тус худалдааны төв өглөөнөөс орой хүртэл олны хөл тасардаггүй, хөдөлгөөн ихтэй газруудын нэг. Энд хүнс, хувцас, ахуйн хэрэглээний бараа гээд өдөр тутмын бүхий л хэрэгцээт зүйлсийг нэг дор төвлөрүүлсэн тул иргэдийн урсгал байнга үргэлжилдэг. Худалдан авагчид үнийн өсөлт, зах худалдааны төвүүдийн ялгааг харьцуулан асууж, худалдагчид бараа бүтээгдэхүүнээ санал болгож харагдана.

Тэгвэл Бөмбөгөр худалдааны төвд үхрийн цул мах кг нь 27-28 мянган төгрөг, ястай нь 22.500 төгрөг орчим, хонины мах цул нь 17 мянга, ястай нь 16.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Гурилын хувьд кг нь 2500-3500 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний ногоо монгол төмс кг нь  2500 төгрөг, лууван 4000 төгрөг, манжин 5000 төгрөгөөр худалдаалж байв.

“Он гараад махны үнэ “тэнгэрт хаджээ”

Худалдаачдын хэлснээр “Махны үнэ он гарснаас хойш огцом нэмэгдсэн. Бусад худалдааны төвүүдэд ч мөн ийм л үнэтэй байгаа. Бид үнэ нэмж боруулж байгаа юм биш. Өнгөрсөн онд нийслэлд малчны  захууд нээгдэж, малчид өөрсдөө мах зарж эхэлсэн. Тэндээс үнэ ханш хөөрөгдсөөр эцэстээ ийм байдалд орлоо. Мах үнэтэй болохоор борлох нь бага, гүйлгээ муу л байна” гэж байлаа.

Мөн Бөмбөгөр худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд үнийн өсөлтийн талаар байр сууриа ийн илэрхийлсэн юм.

Иргэн Г.Болортуяа “Өмнө нь авдаг байсан барааныхаа хэмжээг багасгахгүй бол цалин хаанаа ч хүрэхээ больлоо. Өчигдөр асууж байсан үнэ өнөөдөр дахиад өссөн байх юм. Орлого нэмэгдэхгүй байхад ингэж өсөх нь хэцүү байна. Бага орлоготой хүмүүст үнийн өсөлт хамгийн их дарамт болж байна. Удахгүй цагаан сар ч боллоо. Сар шинийн бэлтгэлээ ч энэ байдлаараа базаахад хүндрэлтэй болох нь. Он гараад махны үнэ бүр “тэнгэрт хаджээ”. Өмний жилүүдэд ингэтлээ нэмэгддэггүй байсан шүү дээ” гэж байлаа.     

Худалдан авагчдын ихэнх нь, нэг удаагийн худалдан авалтад зарцуулах мөнгөө тооцоолон, зайлшгүй хэрэгцээтэй зүйлсээ л сонгох болсон гэдгээ онцолж байв.

Мөн тэдний зүгээс төр, засгаас үнийн өсөлтийг хянах, бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж, өдөр тутмын амьдралд нөлөөлж буй үнийн хөөрөгдлийг тогтоворжуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0/1000