Цагдаагийн байгууллагын алба хаагчид 2025 оны зургаадугаар сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө иргэн Ө, Б нар нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газар /70 давхар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас иргэн Ө нь иргэн Б-ийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, амь насыг нь хохироож улмаар гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор амь хохирогчийг тухайн газар байсан иргэн М-ийн шарилын нүхэнд булсан үйлдлийг энэ оны 08 дугаар сард илрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний амь насыг санаатай хохироосон байж болзошгүй иргэн Ө-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон хэргийг өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Мөн 2025 онд цагдаагийн байгууллагаас “Хүнийг алах” 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.


