Монгол Улс 1924 онд анх Үндсэн хуультай болсноос хойш 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа шинэчилжээ. 1980-аад оны сүүлчээс Монгол оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн нөлөөгөөр Үндсэн хуулиа шинэчлэн боловсруулж, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгэмд нийцүүлэх ажил 1990 онд эхэлжээ. БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж, 1992 оны 1 дүгээр сарын 13-нд оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан байна.
Энэхүү Үндсэн хуулийн оршилд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхаглав. Уг Үндсэн хууль бүхэлдээ хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдэл хуваарилах, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн хяналтын инститүтийг анх удаа баталгаажуулсан юм.
Өнөөдөр энэхүү ардчилсан Үндсэн хуулийг баталсны 34 жилийн ой тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 1 дүгээр сарын 13-ныг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг.

Үндсэн хуулийн төслийг баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын II хуралдааны тухай зарим тоо баримт дурдвал:
- Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын II хуралдаан 1991 оны 11 дүгээр сарын 11-нээс 1992 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хуралдсан билээ.Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430-аад депутатууд нийт 76 хоног хэлэлцэж баталсан байна.
- Үүний өмнө Их цааз /Үндсэн хууль/-ийн төслийг Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанаар гурван удаа хэлэлцжээ.
- 1991 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийг ард нийтээр хэлэлцүүлж байсан байна. Төслийг 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, тэдгээрт 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргасан ажээ.

- Депутатууд тухайлбал, Ерөнхийлөгчийн эсхүл парламентын засаглалттай байх, парламент нь нэг, эсхүл хоёр танхимтай байх, 55, 76, 102, 120 гишүүнтэй тус тус байх эсэх, сүлд нь хуучнаараа эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх, Үндсэн хуулийн нэрийг хуучнаар нь үлдээх үү, эсхүл “Эх дархлал”, “Их засаг”, “Үндсэн хууль”,” Их цааз”, “Их хууль”, “Эх хууль” гэж нэрлэхээр тус тус санал хурааж байжээ.
- Ерөнхийлөгчийн засаглалттай, хоёр танхимтай парламент байх саналыг нам бусчуудын бүлэг, хөдөө аж ахуйн хоршоодын бүлэг болон 10-аад аймгийн бүлгүүд дэмжиж байсан бол Парламентын засаглалттай байх саналыг улс төрийн намын бүлгүүд илүү дэмжиж байсан байна.
- Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцыг монголын хэвлэл, мэдээллийн 22 байгууллагын 115, гадаадын хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын 18 сэтгүүлчид сурвалжилсан байна.

- БНМАУ-ын Ардын Их Хурал нь Үндсэн хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, БНМАУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, БНМАУ-ын Бага Хурлыг сонгох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах, БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох зэрэг эрх, үүрэгтэй байжээ.
- Ардын Их Хурлын хуралдааныг нийт депутатын далан таван хувиас доошгүй нь ирсэн бол хүчинтэйд тооцох, Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хуралдаанд оролцсон депутатуудын гуравны хоёрын саналаар батлахаар хуульд заасан байв.
- БНМАУ-ын АИХ-ын арван хоёр дахь удаагийн сонгуулиар сонгогдсон бүх депутатуудын 90,4 хувь буюу 381 нь дээд, 4.2 хувь буюу 18 нь тусгай дунд мэргэжлийн, 4.2 хувь буюу 18 нь ерөнхий боловсролын бүрэн ба бүрэн бус дунд, 1.8 хувь буюу 5 нь бага сургуулийн боловсролтой хүмүүс байжээ.
- Депутатуудын дунд нэгдэлчин 120, үүнээс малчин 9, үйлдвэр, үйлчилгээний ажилтан 22, үүнээс ажилчин 6, төр, улс, нам, олон нийтийн байгууллагын албан хаагч 188, мэргэжлийн сэхээтэн 92 байжээ.
- Депутатуудыг насны байдлаар авч үзвэл, 30 хүртэл насны залуучууд 28, 31-45 настай 176, 46-гаас дээш настай 218 байсан байна. Эмэгтэй депутат 9, санваартан 1 сонгогджээ.


2026-01-13 01:37:35
харин тийн ш дээ. ядаж л товчлохоор үх болчихоод байгаа биз дээ. тэгээд л Монголыг бүр байхгүй болохыг бэлэгдсэн ч юм шиг