“43 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан “Гарьд магнай” киногоороо үзэгчдийн сэтгэлд хэдийнээ тод үлдсэн Удвал бүсгүйн дүр өнөөдөр дахин дэлгэцнээ амилж байна” хэмээн “Задлаагүй захиа” киноны постер зургийг харсан кино шүүмжлэгчид онцолж байна. Учир нь 1 дүгээр сарын 15-наас бүх кино театраар гарах найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Задлаагүй захиа” уран сайхны киноны гол дүр болох Мядагийн дүрд тоглосон М.Анужин, “Гарьд магнай”-н Удвал хоёр олон зүйлээрээ төстэй аж.

“Гарьд магнай”-н найруулагчид киноны гол дүрээ сонгохдоо мэргэжлийн жүжигчдээс гадна тухайн дүрд тохирох хүнийг олохын тулд их сургуулиудаар явж хайсны эцэст Анагаахын дээд сургуулийн оюутан О.Уранчимэгийг Удвалын дүрд сонгосон гэдэг. Харин өнөө цагийн Удвал хэмээн нэрлэгдээд байгаа М.Анужин буюу “Задлаагүй захиа”-гийн Мядагийг сонгохын тулд найруулагч Б.Батдэлгэр залуу жүжигчид, урлагийн сургуулийн олон оюутан дунд 3 шаттай сонгон шалгаруулалт явуулжээ. Түүний эвдрээгүй, байгаагаараа монгол төрх нь түүний анхаарлыг шууд татсан байна. Ийм төрх өнөө цагт ховордсон. Энэ л байдал нь Мядагийн дүрд М.Анужинг сонгох үндсэн шалтгаан болсон байна.
“Задлаагүй захиа” киноны Мядагийн ээжийн дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, аавд Гавьяат жүжигчин У.Батбаатар нар тоглосон. Тэд Мядагийн дүрийг бүтээхэд ихээхэн түшиг тулгуур болсон залуу жүжигчин М.Анужин онцолсон юм.


