Уран бүтээлч М.Мөнхзулын бие даасан “Нар” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдөр “Б контемпорари арт галерей”-д нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэн ирэх сарын 1 хүртэл үргэжлэх нь.
“Нар” үзэсгэлэн байгаль, материал, хүний оршихуйн хоорондын тэнцвэрт харилцаа, эсэргүүцэлгүй орших хөдөлгөөний тухай эргэцүүллийг орон зайн бүтээлүүдээр дамжуулан илэрхийлж буйгаараа онцлог юм. Уран бүтээлч байгалийн цэвэр материал болох модыг голлон ашиглаж, түүний биед шингэсэн урсгал, цаг хугацаа, дотоод хөдөлгөөнийг бодит орон зайд том хэмжээст инсталляц, баримал хэлбэрээр амилуулжээ.
М.Мөнхзул Монголын орчин үеийн уран баримал, модон сийлбэрийн чиглэлээр идэвхтэй уран бүтээл туурвидаг юм байна. Түүний бүтээлүүд уламжлалт гар урлалын арга барил, орчин үеийн сэтгэлгээ, орон зайн эрэл хайгуулыг хослуулдаг юм. “Нар” үзэсгэлэн түүний уран бүтээлийн үзэл санаа, материалтай харьцах хандлагыг илүү гүнзгий түвшинд харуулж буй бүтээлүүдийн цогц илэрхийлэл аж.



