Олон улсын шатрын их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхтуулд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон “Халада” группийнхэн Алтанбулаг суманд шинээр ашиглалтад орсон 60 айлын орон сууцанд 2 өрөө байр хүлээлгэн өглөө. А.Энхтуул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул юм.
Тэрбээр 22 жилийн турш шатрын спортоор хичээллэж нутаг орныхоо нэрийг тив дэлхийд өргөж яваа юм. Түүний энэ амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 2025 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан билээ.
Өөрийн сурсан мэдсэнээ нутгийнхаа хүүхэд багачуудад зааж, шатрын спортыг нутаг орондоо хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа аймгийн Засаг даргад илэрхийлснээр ийнхүү орон сууцны дэмжлэгийг үзүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


