Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх яллагдагч Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Э нарт холбогдох хэргийг өчигдөр урьдчилан хэлэлцлээ.
Ц.Дагвадоржийг 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт, яллагдагч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Э-г 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон хэрэгт холбогдуулан, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь тус шүүхэд шилжүүлсэн юм.
Яллагдагч Ц.Дагвадорж 2026.01.08-нд шүүхэд “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан боловч тэрээр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна” хэмээн хүсэлтээсээ татгалзаж, хэргийг нь шүүхэд шилжүүлж өгөхийг хүсжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, … эрхтэй” гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026.01.22-ны 10:00 цагт тус шүүхэд хийхээр товложээ.
Улсын яллагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг шүүхэд шилжүүлэх талаар тайлбар гаргасан бөгөөд хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах гэрч, хохирогч, шинжээчийн талаар хүсэлт, тайлбар гаргаагүй аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гүйцэтгэх ажиллагааны нууц болон уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулсан байна. Зарлагдсан шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хаалттай явуулахаар шийдвэрлэсэн гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир мэдээллээ.

