Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн офицер Н.Мөнхсайхан, эргүүлийн цагдаа Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нар 2025.04.23-24-нд шилжих шөнө тус дүүргийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-н салбарт очин, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундаа зарсан үйлдлийг илрүүлжээ. Ингээд уг хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах талаар мэдэгдсэн байна.
Тус салбарыг хариуцдаг А.Мөнхбаяр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нарт 2.5 сая төгрөгийн хахууль өгч, өнөөдүүл нь авсан байна.
Энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.01.08-нд уг хэргийг хэлэлцээд, Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сараар хасаж, 1 жил 2 сар хорих ял оноожээ. Н.Мөнхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сар хасаж, 1 жил 1 сар хорих ял өгөв.
А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сар хасаж, 10 сар хорих ялаар шийтгэлээ.

