Улаанбаатар хотын нэгэн цэцэрлэгийн эрхлэгч Л.Нарангэрэл улсын төсвийн мөнгөөр барьсан шинэ цэцэрлэгт хүүхэд авахдаа эцэг эхчүүдээс хандив авчээ. Тэрээр холбогдох хүмүүсийг оролцуулан, хандив хүлээн авах комисс томилолгүйгээр уг цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлт гаргасан 30 орчим эцэг эхээс нийт 12.1 сая төгрөгийн хандив авсан байна.
Л.Нарангэрэл уг мөнгийг өөрийн болон нөхрийнхөө, цэцэрлэгийн аргазүйч Н.Алтантуяа, нярав П.Цэдэвхорол, манаач нарынхаа дансаар авчээ. Ингээд 7.4 саяыг нь цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 4.6 сая төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.
Аргазүйч Н.Алтантуяа, нярав П.Цэдэвхорол нар хандив нэрийдлээр авсан мөнгөөр нэр бүхий 4 аж ахуйн нэгжээс эд зүйл худалдан авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд ашиглажээ. Тэгсэн атлаа цэцэрлэгт улсын төсвөөс өгсөн санхүүжилтээр тэдгээр барааг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, цэцэрлэгийн төсвөөс мөнгө авсныг цагдаагийн байгууллага мөрдөн шалгалтаар тогтоожээ.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх эрхлэгч Л.Нарангэрэлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг нь хасаж, 1 жил зорчих эрхийг нь хязгаарлан, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.6 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт тушаахыг даалгав. Аргазүйч Н.Алтантуяа, нярав П.Цэдэвхорол нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
Л.Нарангэрэл үүнийг эсэргүүцэн, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тус шүүх уг гомдлыг 2026.01.06-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

