horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Халууны болон даралтны эм авахын тулд 103 дууджээ

post-img

Нийслэлийн түргэн тусламжийн төв таван дүүрэгт салбартай. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Түргэн тусламжийн төвийн эмч А.Билгүүн, Ю.Батбилэг нараас ажлаа хийхэд тохиолддог саад бэрхшээлийн талаар сурвалжиллаа. “Толгой маш хүчтэй өвдөж, нүд харанхуйлаад байна”, “Охин ухаан алдчихлаа”, “Зүрх дэлссэн” гэх мэт дуудлагын ард зүгээр л эм уух гэсэн санаа байдаг. Эсвэл 103 түргэн тусламжийн машинаар эмнэлэг бараадах зорилготой хэсэг бүлэг иргэд бий. Үүнийг түргэн тусламжийн эмч нарын хэлдгээр чанаргүй дуудлага гэнэ. Учир нь тэд итгүүлэх байдлаар, маш яаралтай мэт дуудлага өгдөг байна. Зарим нь уйлдаг гэх. Гэтэл эмч тусламж үзүүлэхээр очиход амин үзүүлэлт хэвийн, өвдсөн шинжгүй, ноцтой амь тэнссэн зовуурь байдаггүй аж.

Бүр цаашлаад “Хүүхэд ухаан алдсан” гэх дуудлагаар очиход “Хүүхэд гадуур гарах гээд байсан тул гэрээс гаргахгүйн тулд түргэн тусламж дуудсан” гэж тайлбарласан хүн ч таарч байжээ. Ийнхүү аливааг хялбарчилсан, хувиа хичээсэн, би л гэсэн чанаргүй дуудлагын ард өөр нэгэн хүний амь нас дээсэн дөрөөн дээр байдгийг иргэд бодоосой хэмээн түргэн тусламжийн эмч, жолооч нар онцоллоо.

Ю.Батбилэг: Иргэд 103 дуудчихвал эм ууна, эсвэл эмнэлэг явна гэж боддог

Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 1300-1500 дуудлага бүртгэдэг. Харин нэг салбар 280-350 орчим дуудлага хүлээн авдаг. Сонгинохайрхан дүүргийн Түргэн тусламжийн төвийн жолооч Ю.Батбилэг, эмч А.Билгүүн нар хоногт 30-45 дуудлага хүлээн авдаг. Үүний 20-30 хувь нь чанаргүй болон хуурамч дуудлага байдаг гэнэ. Ингэхдээ толгой өвдсөн, халуурсан гэх дуудлага давамгайлдаг аж. 

Сонгинохайрхан дүүргийн тухайд гэр хороолол ихтэй учир түргэн тусламжийн машин очиход бэрхшээлтэй үе байдаг. Тэдэнтэй хамт дуудлагад явах үед “Толгой өвдсөн. Даралт ихэссэн” гэх дуудлага түгээмэл ирж байлаа. Тухайлбал: “Иргэн О-гоос “Даралт ихэссэн. Зүрх дэлссэн” гэх дуудлага ирлээ” хэмээн төвөөс нь мэдэгдэв.

Ингээд Ю.Батбилэг урсгал сөрөн дохиогоо хангинуулж хурдлах нь тэр. Гэр хорооллын мөстсөн гудамжаар сүлжилдэн давхисаар өгсүүр замтай мухар гудамд тулав. Жолооч Ю.Батбилэг машинаа хаазлуулсаар өөд зүтгэсэн ч амжилт олсонгүй.

Ингээд эмч “Энэ өвчтөн их тэвдэж, сандарсан байдалтай ярьсан гэнэ. Хашаа нь энүүхэнд учир алхаад очно” хэмээн цүнхээ үүрээд буух нь тэр.

Хэсэг хормын дараа эмч айлаас “Та эмийг нь сайн өгөөрэй” гээд гарч ирэв. Тэр хүн яасныг асуувал “Тухайн өвчтөний даралт нь ихэссэн. Ихэвчлэн ихэсдэг. Гэтэл уудаг эмээ дууссан даруйд нь авдаггүй. Хэрэв эмээ уучихвал зүгээр болчих байсан. Эм өгчихлөө” гэлээ.

Иргэдийн хялбарчилах сэтгэлгээний ард өөр нэг иргэн амь тэнсэж байдаг

Саяхан эмнэлгийн хажууд байрладаг байрны оршин суугч “Толгой өвдөөд” гэх дуудлага өгсөн. Өдрийн цагаар эмнэлэг ороод үзүүлчих сэтгэлгүй байна. Бүгдийг бэлэнчлэх сэтгэлгээнээс иргэд салахгүй байгаа нь төвөгтэй. Хүмүүс гэрийнхээ ойролцоох эмнэлэгт орж үзүүлэхээс төвөгшөөж, түргэн дууддаг. Мөн хүүхдээ болон нөхрөө гэрээс гаргахгүй байх, зуслангаас хотын төв орох зорилгоор  хуурамч дуудлага өгөх тохиолдол гарч байжээ. Иймд түргэн тусламжийн жолоочоор 9 дэх жилдээ ажиллаж байгаа Ю.Батбилэг эмч, жолоочийн ажлыг хүмүүст ойлгуулахаар рийл хийж эхэлжээ.

Мөн бид шөнийн цагаар “Халуурсан” гэх дуудлагаар очиход “Өдөр нь эмийн сан орж халууны эм авч чадаагүй тул түргэн дуудчихлаа” гэсэн. Ингээд хоногт 45 дуудлага хүлээн авлаа гэхэд 10 нь чанаргүй. Түргэн тусламж дуудах шаардлагагүй дуудлага байдаг” гэнэ.

Жолооч Ю.Батбилэг “Энэ мэтчилэн иргэдийн хандлага буруу. Өөрсдөөс шалтгаалах зүйлээс болж бусдад төвөг уддаг. Өвддөгөө мэдсээр байж эмгүй. Тэгээд 103 дуудчихвал эм авна, эсвэл эмнэлэг явна гэсэн бодолтой хүн олон” хэмээн санааширч, дараагийн дуудлагад явлаа.
Тэд цаашаа 22 настай иргэний ходоод өвдсөн гэх дуудлагаар очиход мөн л ноцтой байгаагүй. Дуудлагаар ирэхэд хашаанд нь нохой сул, харин өөрсдөө утсаа авахгүй байгаа нь дараагийн дуудлагад явах цагийг хумсалсаар.

Эмч хэлэхдээ “Гэр хорооллын айлууд ихэвчлэн нохойгоо хорьдоггүй. Дуудлага өгчхөөд гэрээсээ гарч ирдэггүй. Утасдахаар “Ороод ир ээ” гэдэг. Хэцүү хандлагатай” гэлээ. Амь тэнссэн дуудлагын хажуугаар чанаргүй хуурамч дуудлагыг ялгахад хэцүү.

Би эмчээр ажиллаад 4 жил болж байна. Энэ хугацаанд байж боломгүй хуурамч дуудлага авч байсан. Зусланд найз маань “Архи их уучихсан. Татаад байна” гэх дуудлагаар очиход бодит байдлаас тэс өөр, юу ч болоогүй байсан. 30 орчим насны архи уучихсан эмэгтэй “Би төв рүү орох гээд түргэн дуудчихсан” гээд сууж байсан” хэмээв. Энэ мэтчилэн түргэн тусламжийн төвийн эмч, жолооч нарын ажилд саад болж буй чанаргүй дуудлагыг цэгцлэх шаардлага бий болжээ. “Толгой өвдсөн” гэх дуудлагаар очиход л “Эмнэлэг явна” хэмээн эмчийг загнах тохиолдол гардаг байна.

Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугааруудад хуурамч мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг иргэнээс гаргуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.9 дэх хэсэгт заасны дагуу 50,000 төгрөгийн торгууль ногдуулах учиртай. Харин цаг авч буй чанаргүй дуудлагыг бүртгэхгүй байхад анхаарах шаардлагатай болсныг түргэн тусламжийн эмч, жолооч нарын төлөөлөл онцолсон юм. Түргэн тусламжийн төвд ирж буй дуудлагыг ангилдаг ч чанаргүй дуудлага гэж ялгах боломжгүй. Иймд иргэд хандлагаа өөрчлөх нь нэн чухал гэдгийг тэд хэллээ.

0/1000