Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн жил хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 297 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Үүнийг өмнөх оны уг үзүүлэлттэй харьцуулбал 42 хувиар өсжээ. Ийм хэрэгт холбогдсон хүмүүсийн 69.5 хувь нь 18-30 насныхан байна.
2025 оны 12-р сарын байдлаар 177 хэргийн 224 яллагдагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх үүнээс 151 хүнд хорих ял оноосон байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг их тул прокурорууд ийм хэрэгт холбогдсон хүмүүст голдуу хорих ял төлөвлөдөг.
Сүүлийн 3 жилд манай улсад хар тамхины 22 төрлийн шинэ бодисыг хууль зөрчигчид оруулж иржээ. Эдгээр нь химийн аргаар нийлэгжүүлсэн бодис аж.

