horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: АН-ын 32-оос дээш гишүүн ЗГ-ыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан 

post-img

АН өнөөдөр 4/11 хэвлэлийн хурлаараа Улс төрийн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, намын дотоод зохион байгуулалт, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-АН-ын Үндсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Намын дүрэм УДШ-д бүртгэгдсэнтэй холбоотойгоор бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан. АН-ын шинэ дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.

Намын дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотойгоор АН-ын дотоод шинэчлэл эхэлж байна. АН аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөл гээд бүтэн шатандаа 100 хувь шинэчлэгдэнэ. 2026 оны 5-р сарын 1 хүртэл АН-ын дотоод шинэчлэл үргэлжилнэ.

2-р сарын 1-нээс 3-р сарын 10 хүртэл нийт гишүүдээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийсний дараа 3-р сарын 10-наас 4-р сарын 1-нд дотоод сонгуулиудаа явуулна. 4-р сарын 7, 8-нд АН-ын их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилж, их хурлаас албан ёсны Үндэсний бодлогын хороо болон ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилно. 5-р сараас АН 2027 оны буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, дотоод сунгааг зохион байгуулна.

-Шинэчилсэн бүртгэлээ хэрхэн явуулах вэ?
-Хуучин гишүүдээ шинэчилж бүртгэнэ. Шинээр гишүүдийг нэмж бүртгэнэ. АН-ын бүх гишүүнд “Democracy passport” буюу “Ардчиллын гэрэгэ” эзэмшүүлнэ. Намын батлах гэдэг ойлголтыг халж, “Ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч элч төлөөлөгч байна” гэсэн философийн хүрээнд чип бүхий цахимжсан үнэмлэх олгоно.

“ХурДан” системээр 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Цахимаар бүртгэгдсэн гишүүддээ бүгдэд нь “Ардчиллын гэрэгэ” гардуулж өгнө. Намын гишүүнийхээ татварыг төлсөн гишүүд дотоод сонгуульдаа оролцох юм.

-АН Засгийн газрыг огцруулна гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа юу?
-УИХ дахь АН-ын бүлэг 2025 оны төгсгөлд Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах ёстой гэж байр сууриа илэрхийлж, тодорхой шаардлага тавьж, гарын үсэг цуглуулсан. Энэ асуудлыг өргөн барих хэмжээнд буюу УИХ-ын 32-оос дээш гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Зарчмын шаардлага хэвээрээ. 

Энэ нь 2 үе шаттай. 1-рт, УИХ-ын 32-оос дээш гишүүн дэмжиж, гарын үсэг зурвал ЗГ-ыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ. 2-рт, УИХ-ын 64-өөс дээш гишүүний саналаар ЗГ-ыг огцруулна. Энэ асуудал үр дүнд хүрэх ёстой. 

Засгийн газар алдаатай бодлогоо засах хэрэгтэй. Засахгүй бол огцруулах асуудлыг өргөн барина. Огцруулах асуудлыг өргөн баривал үр дүнд хүрч, огцруулах ёстой гэж үзэж байна. АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан. 

Засгийн газрыг тогтворгүй байлгах нь бидний эхний зорилго биш. Алдаатай бодлогоо засахгүй бол огцруулна. 2025 оны төгсгөлөөр УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байсан. Нөгөө талаар ажлын хэсэг тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажиллая гэсэн тул энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 

0/1000