Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Нийслэл, дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нарыг Дубайд аялуулах шийдвэр гаргасан цагаас Х.Нямбаатарын азгүйтэл эхэллээ. Үгүй юм байна. МАН-ын даргаар Н.Учралыг Улсын дээд шүүх бүртгэж авсан 2026.01.09-ний өдрөөс үү? Л.Оюун-Эрдэнэ үеэл нь Ерөнхий сайдын сэнтийгээс огцорсон өдрөөс гэхээр бас биш. МАН-ын дарга болох тэмцэлд Д.Амарбаясгалан ялагдсан мөчөөс түүний час өдөр эхэлжээ.

МАН-ын даргын өрсөлдөөнд Х.Нямбаатарыг оролцох магадлалтай хэмээн олон хүн тооцож байсан ч тэр алсаа бодож, өрсөлдөөгүй. Тэр нь ч зөв байв. Оролцсон бол ялах магадлал тийм ч өндөр биш. МАН-ын дарга боллоо гээд УИХ-ын дарга болж чадахгүй. Тэр УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайдын суудалд санаархъя гэх нь ээ, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд хэт өндөр даваа давах хэрэгтэй болно. Бүтэхгүй. Авирч яваад давж чадалгүй буцаад өнхөрвөл Хангарди ордонд биш, хотын гудамжинд ойчно. Түүний оронд нийслэлийн засаг даргын сандалдаа шигдсэн нь өлзийтэй.

Үүнийгээ ойлгосон Х.Нямбаатар Хангардиас холдоогүй. Тиймээс ч энэ өрсөлдөөнд оролцож, Д.Амарбаясгалан шиг амиа хорлохгүй байхаар тэр шийдсэн. Түүнийхээ шанд хотын захирагчаараа үлдэхээр Ерөнхийлөгчтэй тохирсон. Тэр нь ч зөв гэдэг нь өнгөрсөн хэдэн сард тодорхой байлаа.

МАН-ын дарга болох тэмцэлд Д.Амарбаясгалан ялагдсан мөчөөс түүний час өдөр эхэлжээ

Харин Г.Занданшатар тэгж бодсонгүй. Х.Нямбаатар гэдэг бол Улаанбаатар гэсэн үг. Улаанбаатар бол 1.1 сая сонгогч. Аймгууд нийлээд 1.1 сая сонгогчтой. Монгол Улсын нийт сонгогчийн тал нь нийслэлд бий. Тиймээс нийслэлийг Х.Нямбаатарт үлдээх нь Г.Занданшатарын хувьд өөрт нь санал өгөх сонгогчдынхоо талыг алдсантай адил. Үүнийг дараагийн Ерөнхийлөгч болохоор горилж буй Г.Занданшатар, түүний дээлийн захыг мушгиж суугаа У.Хүрэлсүх ч хүсэхгүй.

Иймээс тэд эхлээд МАН-ын тамгыг Л.Оюун-Эрдэнийн нэрээс салган авч, Н.Учралын нэр дээр шилжүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүллээ. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга биш болж, албан ёсны дарга нь Н.Учрал болсон тухай мэдээ авмагцаа Ерөнхий сайд Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранг Төрийн ордонд дуудав. Ажлаа тасалж, Дубайд аялахаар явсан нийслэл, дүүргүүдийн Татварын газрын дарга нарыг ажлаас нь халахыг үүрэгдэв. Энэ өдөр нь 2026.01.09.

Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар Дубай явах тухайгаа Б.Цогтнаранд мэдэгдэж, чөлөө хүссэнийг, Б.Цогтнаран чөлөө өгөөгүйг Г.Занданшатар мэдэж байв. Нарийндаа бол чөлөө хүсэж Б.Цогтнарантай уулзахыг ч мэдэж байсан бололтой юм. Тиймээс л Б.Цогтнаран чөлөө өгөөгүй. Өгч болохгүй гэсэн үүрэг авсан байсан биз.

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга биш болж, албан ёсны дарга нь Н.Учрал болсон тухай мэдээ авмагцаа Ерөнхий сайд Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранг Төрийн ордонд дуудав

Өөрсдийг нь юу хүлээж байгааг, унагах нүхийг нь ухчихсаныг М.Болдбаатар нар мэдсэнгүй. Тэдний аяллын зардлыг нийслэлийн ЗДТГ гаргажээ. М.Болдбаатар ч энэ тухай хэлэв. Нийслэлийн иргэдээс татвар, торгууль, шимтгэл, хураамж, төлбөр хэлбэрээр хурааж авсан мөнгөөр Х.Нямбаатар татварын дарга нарыг Дубайд аялуулсан нь тодорхой боллоо.

Бусдад ингэж өгөөмөр загнаж байгаа юм чинь Х.Нямбаатар өөртөө бол гайхамшигтай ихийг зарцуулдаг байлгүй. Ингэж л харагдаж байна. Ажлын хувцасныхаа цаана нуусан үнэн төрх нь машины татвар, замын хашлага, таксины тендер, хөх нүүрс, “Нүүдэлчин” зуух гээд юм юман дээр бага багаар илэрсээр л байгаа. Ажлын даавуун хувцас өмсчихөөд, ажилчин ард түмнээс ялгагдахгүй төрх бүрдүүлж, түүнийхээ цаана өөрийгөө нууж чадсан Х.Нямбаатарын багийг Г.Занданшатар хуулж эхэллээ.

Татварын байгууллагын дарга нар Сангийн яамтай шууд хамаатай атал Дубайн аяллын асуудлыг Б.Жавхлан сайд тойрч гүйгээд байгаа. Учир нь нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар, Б.Жавхлан нар нэг ангийн хүүхдүүд аж. Б.Цогтнаранг Сангийн сайд Б.Жавхлан өрөөндөө дуудаад Дубай явсан дарга нарын тухай асуух байтал шат алгасан Ерөнхий сайд өрөөндөө дуудсаны учир ийм ажээ.

Г.Занданшатарыгаа Ерөнхий сайд, Н.Учралыгаа УИХ-ын дарга, Ж.Энхбаярыгаа Тэргүүн шадар сайд … гэх мэтчилэн хүмүүсээ өндөр албан тушаалд тавьсан Ерөнхийлөгч Я.Содбаатарыгаа нөөж байжээ

Татварын хэлтсийн дарга нарыг ажлаас нь халуулчхаад, ард нь үлдсэн Х.Нямбаатар Ерөнхий сайдыг Дорноговь явмагц араас нь дагаж очоод, хагас коксон түлшний үйлдвэр ярьж, бөөрөнд нь наалдлаа. Албан тушаалаа Я.Содбаатарт алдахгүйн тулд Х.Нямбаатар бүгдийг хийж яваа тухай хэн хүнгүй ярьж байна.

Г.Занданшатарыг 2024 оны УИХ-ын сонгуульд нутагтаа ялагдахад нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕТГ-ын даргаараа авч, уг албан тушаалыг хашиж байсан Я.Содбаатарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тавиулсан. Дэргэдээсээ нэг их холдуулах учиргүй, гайгүй албан тушаалд байлгадаг Я.Содбаатарынх нь генсекийн албан тушаалыг дараа нь Н.Учрал МАН-ын дарга болоод, жинхэлсэн.

Г.Занданшатарыгаа Ерөнхий сайд, Н.Учралыгаа УИХ-ын дарга, Ж.Энхбаярыгаа Тэргүүн шадар сайд … гэх мэтчилэн хүмүүсээ өндөр албан тушаалд тавьсан Ерөнхийлөгч Я.Содбаатарыгаа нөөж байжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны дарга гэсэн 3 давхар дээл, уртаас урт гуншин түүний нэрэнд зүүхээр тооцсон аж. Энэ урт гуншинг Х.Нямбаатараас яаж салгахыг бүгдээрээ харж л байя. Дубайн аялал гэх дэгээнд тэр унасангүй. Ганц мэхэнд унахгүй нь тодорхой болсон болохоор угсраа мэхийг даацтай хийх байх даа.

- Шинэ
- Хандалттай