horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

РЭВЬЮ: Бидэнд үлдээсэн “Задлаагүй захиа”

post-img

“Зөөлөндөө зөөлөн аав минь

Ширгээ нь үгүй тунгалаг нуур минь

Хатуудаа хатуу аав минь

Хувираа нь үгүй хөхрөх уул минь…” ийм нэгэн дууны үг, ая эгшиг үзэгч олны сэтгэлд нар шиг туссан өдөр нэгдүгээр сарын 15 байлаа. Эл өдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Задлаагүй захиа” УСК-ны нээлт болж, кино сонирхогчдын олон сарын хүлээлтийг эцэслэлээ. Идэр есийн жавар тачигнасан их хотын хахирган өдрүүдэд заавал үзэх ёстой, сэтгэл дулаацуулж, аньсага чийгтүүлэх энэхүү киног үзсэн сэтгэгдлээ ийнхүү сийрүүлж байна.

Хоёрхон жилийн өмнө дэлгэцнээ гарсан найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ” УСК монгол хүний сэтгэлд ус, агаар мэт хэрэгтэй байсан эсхүл ус, агаар мэт таарах зураглал, өгүүлэмж байж чадсан гэлтэй. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолыг кино зохиолд хувирган дэлгэхдээ ая дан, өнгө тавилт, ахуй, орчныг чадмаг дүрсэлсэн нь олон улсад ч үнэлэгдэхүйц сайн кино болсныг илтгэнэ. Тэр үеэс л яг ийм хүлээлт үзэгчдэд үлдсэн байх. Дахиад нэг сайхан зохиол, дахиад нэг сайхан ухаарал бидэнд үгүйлэгдэж байсныг гүйцээх мэт бүтсэн дараагийн уран бүтээл бол “Задлаагүй захиа” уран сайхны кино юм.

Одоо цагт дотроо мэдэрснээ ил гаргахад хэтэрхий таарамжгүй үе юм шиг. Хэн нэгнийг хүлээхдээ, хэн нэгэнд хайртай гэдгээ хэлэхдээ, эцэг, эхийнхээ ачийг хариулж чадалгүй яваагаа мэдрэхдээ ч хаалттай, чимээгүй өнгөрсөөр байгаа нь худлаа биш. Тэгвэл энэхүү кинонд түүхийн нэгээхэн хэсэгт аж төрж буй аав, хүү хоёрын тухай өгүүлж, чин сэтгэл, эцэг хүүгийн хайрын илэрхийлэл, үхэл нэхсэн харгис дайнаас ирэхийг нь хүлээх хамгийн агуу итгэлийн тухай өгүүлжээ.

Ингэхдээ ард түмний сэтгэлд гайхалтай дүрүүдээр хоногшсон Гавьяат жүжигчдээс эхлээд эгэл даруухан замналаар бүтээлээ туурвиж яваа энгийн нэгэн уран бүтээлчийг оролцуулсан нь анхаарал татна. Бүх л кинонд хардаг өнөөх дүрүүдээс хамаагүй сэтгэлд дотно, тодхон үлдэж байсныг ч нуух юун. Олны танил биш бол жүжиглэлт нь тааруухан гэх яриа байдаг. Харин энэ удаад найруулагч Б.Батдэлгэр илүү няхуур, илүү дотортой ажиллаж, бас ажиглажээ. Кино эхлэхээс дуусах хүртэл үйл явдалд уусаж, дүрүүдийн сэтгэл хөдлөлийг хамтдаа мэдэрч, догдлон, хүлээнэ гэдэг л энэхүү киноны хэр хэмжээнд хийгдсэнийг илтгэх байх.

Басхүү Б.Лхагвасүрэн гуай амьд сэрүүн ахуйдаа монголчууд бидэнд ямар гайхалтай зохиол үлдээсэн юм бэ. Алгаа хорстол ташиж, баяр хүргэхсэн. Харамсалтай нь…

Хүүгээ авч ирнэ гээд хөтөлгөө морьтой гарсан тэрбээр гартаа цулбуураа атгаад, ганцаар буцна гэж хэн мэдэх билээ. Хахир хэцүү дайны цагт хайртай үрсээ цэргийн албанд мордуулаад, улаан утастай захиа авах юм чинээ хэн ч санах билээ. Гэхдээ энэ бол бодит түүх, чухам үнэн. Эх орон, ижий аав, хайртай хүмүүсийнхээ төлөө цусаа урсган тэмцэж, УЛСЫН БААТАР болсон ч эргэж ирээгүй, эх орныхоо хөрсөнд үүрд шингэсэн олон сайхан залуусыг төлөөлж энэхүү киног бүтээсэн мэт.

Басхүү цэргийн албанд мордсон энхрий үрсээ хүлээсэн эцэг, эхийн сэтгэлийн шаналлыг нэмэлт хачиргүйгээр харуулсан мэт. Магадгүй энэхүү киног үзсэн хүн бүрийн сэтгэлд “Ямар азаар энхийн цагт төрөө вэ” гэх бодол зурвасхийн орж ирсэн болов уу. Үзэгч миний хувьд ч өөрийн эрхгүй энэ цаг үед төрсөндөө талархаж сууснаа нуух юун.

Тайз, дэлгэцийн уран бүтээлүүд бүгд найруулагчийн ур чадвар, дотоод мэдрэмж, мөн чанараас улбаалан чансаа нь тодорхойлогддог. Тиймдээ ч сайн найруулагчийн бүтээл туршлага дутмаг байсан ч олон хүний сэтгэлд хүрч, олон жил дурсагддаг жамтай. Басхүү найруулагчийн зохиолоо мэдэрч буй мэдрэмж, зөв жүжигчнээ сонгох буюу нүдээ олсон дүр, сонголт нь тэрхүү киноны амин сүнс гэж хэлж болох юм. Угтаа “Задлаагүй захиа” УСК-ны зохиол бол монгол аавын мөн чанарыг ясанд нь тултал, сэтгэлд хүртэл бичсэн тул басхүү гол дүрийн жүжигчнээр эгэл жирийн монгол аавыг сонгосон учраас хүн бүрийн сэтгэлд тодоор хүрсэн гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл Увс аймгийн “Ойрад” театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Лхагва гуайг урьж тоглуулсан нь хамгийн зөв сонголт болжээ.

Тийм ч учраас сайн НАЙРУУЛАГЧ, сайн ЖҮЖИГЧИН, сайн ЗОХИОЛ гурав нэгдэж, энэхүү киноны тулгын гурван чулуу бүтжээ.

Суман бороонд буугаа үүрэн дайтах цэрэг эрсийг хараад, өөрийн эрхгүй нулимс асгарсан. Басхүү хүүгээ харуулдан, гэрийн мод бэлдэн суугаа аавыг үзээд сэтгэл минь эмтэрсэн. “Энэ уул миний хүүгийн уул шүү” хэмээн хангай дэлхийдээ, хайрхан ууландаа хүүгээ даатгах эцгийн сэтгэлийг мэдрээд нулимс цийлэгнэсэн. Бүхий л үг, бүхий л үйл явдал нь үнэн байсан учраас хуурай алчуур ч нойтон болтол мэлмэрсэн гэхэд хилсдэхгүй биз.

Хүний хүүг өөрийн мэт хайрлан өсгөж, харуй бүрийгээс хүртэл хамгаалж, халаглах эцгийн сэтгэлийг мэдрээд, сэтгэлд хурсан гуниг нүднээс нулимс болон зогсолтгүй асгарсан биз. Магадгүй та энэхүү киног үзэхийг хүсэж байгаа бол алчуур, цаасаа бэлдээд очихыг энэ ташрамд сануулъя.

0/1000