Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хэн нь чоно, хэн нь цөөвөр байсныг мэдэх нь ард түмэнд ашигтай
- 2026/01/20

- 37 цаг 13 минутын өмнө

- 4 мин уншина

МАН-ынхны хэсэгхэн завсарласан тэмцэл нийслэлийн МАН-ын хорооны хурлын сургаар эргээд сэргэлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргын суудлыг Х.Нямбаатараас салгаж авах ажиллагааг У.Хүрэлсүх, Г.Занданшатар талаас эхлээд удаагүй байна. Нийслэл, дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нарыг Х.Нямбаатар Дубайд аялуулсан тухай мэдээлэл эрчээ аваад жаахан сулрах аядмагц Английн “Фүлхэм” багтай Соёлын яамнаас гадна нийслэлийн ЗДТГ 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд 4 удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100% шилжүүлсэн мэдээлэл залгалаа.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцертэй хамт авахуулсан зураг сошиалыг чимэхтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг АТГ баривчилж, цагдан хорив. Цаг хугацааны санаандгүй давхцал уу, сайтар тооцсон хариу “захидал” уу? Н.Тавинбэх бол Х.Нямбаатар, Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар нарт илгээсэн хариу захидал байж болох л юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтсан 17 сайдын 1 нь Н.Тавинбэх байв. Анхны удаад Ерөнхий сайд болоод У.Хүрэлсүх Н.Тавинбэхийг “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болгосон. 2 дахь Засгийн газартаа У.Хүрэлсүх түүнийг Эрчим хүчний сайдаар тавьсан юм. Тэр Засгийн газарт Я.Содбаатар Шадар сайд, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байлаа. Нэг танхимд тохой нийлүүлэн сууж байсан сайд нар өнөөдөр талцан хуваагдаад, албан тушаал, эрх мэдэл, авлига, татварын мөнгөний төлөө арсалдаж байна.

Цаг хугацааны санаандгүй давхцал уу, сайтар тооцсон хариу “захидал” уу?

Иймэрхүү тэмцлийн дунд төрийн ажил зогсдог сул талтай ч тэдний түмэн булхай нь илэрдэг сайн талтай. За тэгээд намчид төрийн ажил хийж нэг их гийгүүлдэг ч биш дээ. Идсэн уусан нь илэрч, нэг нэгийгээ илчлэхийг нь харж, хэн нь чоно, хэн нь цөөвөр байсныг мэдэх нь ард түмэнд ашигтай байдаг л даа.

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход Н.Тавинбэх ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Тэр үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ах, дүүгийн харилцаатай байлаа. Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор 2025 оны 7 дугаар сард Н.Тавинбэхийг төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. 5 сарын дараа уг ажлаас нь чөлөөлж, 2025 оны 12-р сард “ДЦС 4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Ингэхдээ Засгийн газар 2025.11.28-ны хуралдаанаараа “ДЦС 4”-ийн захирал Ү.Төмөрхуягт хариуцлага тооцохоор шийдвэрлэж, ажлаас нь чөлөөлөн, оронд нь Н.Тавинбэхийг томилсон юм. Гэвч Н.Тавинбэх нь Ү.Төмөрхуягаасаа ч их идсэн гэдэг нь одоо АТГ-ын шалгалтаар тодорхой болж байна. Г.Занданшатар нэг авлигачийг нөгөө авлигачаар нь л сольсон хэрэг байжээ.

АТГ Н.Тавинбэхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан шалгаад, прокурорын шийдвэрээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, түүнийг 1-р сарын 14-ний 23:20 цагаас эхлэн 48 цаг албадан саатуулсан юм. Энэ тухай шийдвэрээ Чингэлтэй дүүргийн Прокурорын газар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 1-р сарын 15-нд хүргүүлжээ. Уг шийдвэрийг шүүх хүчинтэйд тооцсон байна.

Гэвч Н.Тавинбэх нь Ү.Төмөрхуягаасаа ч их идсэн гэдэг нь одоо АТГ-ын шалгалтаар тодорхой болж байна

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар Н.Тавинбэхийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорихоор шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүх уг саналыг хэлэлцэлгүй хойшлуулсан аж. Шүүх нэгэнт түүнийг цагдан хорих хугацааг сунгаагүй тул Н.Тавинбэхийг албадан саатуулсан 48 цагийн хугацаа 1-р сарын 17-ны 23:20 цагт дуусаж, түүнийг батлан даалтаар гаргажээ. Баргийн зүйл дээр цагдан хорих хугацааг сунгадаг шүүх энэ удаад яагаад ч юм Н.Тавинбэхийг үргэлжлүүлэн цагдан хорих боломж олгосонгүй. Түүнийг сулллахаас өөр аргагүйд хүргэв. Харин өчигдөр шүүх уг саналыг хэлэлцэж, түүнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ.

АТГ-ын даргыг улируулан томилохоор 2025.04.03-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д санал гаргаж, парламентын гишүүдийн 72% нь дэмжсэн. З.Дашдаваа бол АТГ-ын даргын 6 жилийн хугацааг бүрэн дуустал ажилласан, бас улиран томилогдсон анхны дарга. Х.Баттулга Ерөнхийлөгч түүнийг анх УИХ-д санал болгон АТГ-ын даргаар томилуулсан бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа улираасан юм. АТГ-ыг Ерөнхийлөгчид харьяалагддаг байхад дарга нь болсон З.Давшаваа Ерөнхий сайдад харьяалагддаг болсон ч ажлаа хийсээр явна. АТГ үнэхээр хараат бусаар ажиллаж байгаа юм уу гэж харагдаж байна.

- Шинэ
- Хандалттай