Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нэмлээ. Энэхүү эмчилгээг Н.Оюундэлгэр ахлагчтай УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг санаачлан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Бүгд найрамдах Турк улсын “Medical Park” эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ.
Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага Хүүхдийн цус хавдрын тасгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, Турк улсын нэр хүндтэй эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгөн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг Турк улсаас нийлүүлэхэд ТИКА байгууллагын санхүүгийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн УНТЭ-ийн баг өмнө нь цусны хавдартай 36 хүнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байжээ.
Мөн энэхүү эмчилгээг хийлгэсэн 15 настай М охин нь бага наснаасаа цусны хавдрын оношоор эмчлэгдэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа биеийн байдал нь сайжирч, одоогоор эмчийн хяналтад байгаа аж.
Ийнхүү өмнө нь гадаадад очиж хийлгэдэг байсан өндөр өртөгтэй эмчилгээг эх орондоо хийх боломж бүрдэж, хүүхдүүдэд үзүүлэх хорт хавдрын тусламж үйлчилгээ нэг шат ахилаа.

