“Хөхөө Намжил”-ын домгоос сэдэвлэсэн “Морин хуур” хүүхэлдэйн драмын жүжгийг энэ сарын 24-нд үзэгчдэд дахин толилуулахаар болжээ. Хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд багачуудад урлаг, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшил олгож, үндэсний биет болон биет бус соёлын өвийг сурталчлан таниулдаг. Хүүхэлдэйн урлагийн онцлог өвөрмөц арга барилыг ашиглан “Морин хуур” хүүхэлдэйн драмыг тайзнаа амилуулсан юм.
Уг жүжгийн дүрүүд нь модон хүүхэлдэйнүүд. Тэдгээрийн сийлбэр, дүрийг эртний монгол хүмүүсийн төрхийг дуурайлган хийжээ. Тус бүтээлээрээ монгол үндэсний бахархал, арга билгийн хос чавхдаст морин хуур хөгжмийн үүсэл түүхийг уран сайхны аргаар үзэгчдэд хүргэх юм.


