Гар урлал хийж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үеийнхэндээ үлгэр жишээ болсон 14 настай Т.Чинхүслэн хүүтэй ярилцлаа.
–Юун түрүүнд чамд өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаач…
-Намайг Т.Чинхүслэн гэдэг. Би 14 настай. 40-р сургуульд суралцдаг.
-Чи хэзээнээс нэхмэл хийж сурсан бэ. Мөн яаж сурч байв?
-Эмээ, аав намайг бага байхад маш их юм нэхдэг байсан. Нэг удаа нэхэж үзмээр санагдаад оролдсон чинь маш сонирхолтой санагдаад, тууштай хийж эхэлсэн. Нэг хэсэг хүнээр заалгаж, цаашдаа өөрөө youtube сувгаас үзээд сурчихсан. Суралцаж байх үедээ дүү нартаа бойтог, хантааз, малгай, ороолт нэхсэн.

Мөн нохойндоо хувцас нэхэж үзсэн. Ер нь гурван жилийн дотор төгс нэхэж сурсан. Одоо төрөл бүрийн зүйл нэхнэ. Би зөвхөн нэхмэл хийгээд зогсохгүй, шүрэн урлал бас хийдэг. Юм нэхдэг байх нь давуу тал ихтэй. Ядаж гаднаас худалдаж авахгүй.
-Эрэгтэй хүүхэд байж айхтар уран гэх мэтчилэн үг хэр сонсож байна. Ангийнх нь охид чамаас тусламж, дэмжлэг, зөвлөгөө авдаг уу?
–Манай сургуулийн багш нар л урамшуулдаг. Бас бүтээлийн захиалга өгнө. Эрэгтэй хөдөлмөрийн хичээлд мод,төмөр гэх мэт зүйлээр бүтээл хийнэ. Би зөвхөн нэхмэл гэлтгүй, мод, төмрөөр ч ялгаагүй урладаг. Харин охид гар урлал хийнэ. Намайг охидын хөдөлмөрийн багш нэг удаа дуудаад охидын бие даалтыг битгий хийж өгөөд бай гэсэн удаатай. Түүнээс хойш хүүхдүүдийн бие даалтыг хийж өгөөгүй.

–Нэхмэлээ шантрахгүй хийхийн тулд юунаас, хэнээс илүү урам зориг авдаг вэ?
-Аав, ээж намайг хамгийн их дэмждэг. Бүтээгүй ч дараа бүтнэ гээд. Мөн би бүтээлээ хийгээд эзэнд өгөхөд инээхийг нь харах сайхан. Цэвэрхэн, гоё болж гэдгийг сонсоод сайхан байдаг. Үүнээс л илүү ихийг, гоёор хийх урам зориг авдаг.
–Нэхмэл хийхдээ өдөрт хэдэн цагийг зарцуулдаг бол?
-Ихэнх цагийг нэхмэлдээ зарцуулна. Нэхэж байгаа бүтээлээ сургуульдаа аваад явчихдаг. Хичээлийн завсарлагаагаар нэхнэ. Даалгавар ихтэй үед дуусгачхаад шөнийн цагаар нэхнэ. Сонирхолтой зүйлээ хийж байгаа учраас нэг их ядардаггүй. Мөн ядрахгүй байхыг хичээдэг.
-Ер нь яагаад нэхмэл хийж орлоготой болохоор шийдсэн бэ?
– -Би багаасаа амьтан тэжээсэн. Тэр дундаа нохой, муур. Би одоо 3 нохой, 2 яст мэлхийтэй. Нохойнуудынхаа хоолонд сард 120 мянган төгрөг зарцуулдаг. Өөрөө дуртайдаа нохой тэжээж байж аав, ээжээсээ мөнгө авах хэцүү. Тийм учраас өөрийнхөө чаддаг зүйлээр мөнгө олохоор шийдсэн. Тэгээд фейсбүүкийн “Гар урлал сонирхогчдын групп”-т зар байршуулсан.Үүнээс хойш маш олон хүн холбогдсон.Одоо хоёр захиалгатай.

-Хүмүүс ихэвчлэн юу нэхүүлдэг вэ?
-Үлгэрийн баатрууд нэхүүлдэг.
-Одоогоор надад “Zoo Topia” киноны үнэгний захиалга ирсэн. Мөн ороолт, малгайны захиалга бий.Үүнийг эхлүүлчихсэн. Мөн сүүлийн үед трендээ дагаад лабубу, cry baby хийлгэе гэсэн хүмүүс бий.

-Ямар нэгэн үзэсгэлэнд орж байв уу?
-Үзэсгэлэнд орох санаа байдаг. Хэрэв хороо, дүүргээс гар урлаачдын үзэсгэлэн гаргавал би оролцоно.
-Нэг захиалгыг хэдэн хоногт хийдэг вэ. Захиалга, эрэлтэд улирлын онцлог хэр нөлөөлөх вэ?
–Том урланг 7 хоног хийнэ. Харин жижигхэн нэхмэлийг 2-3 хоногт хийнэ. Улирлаас хамаарч эрэлт нэмэгдэх үе бий. Тухайлбал, зун торон топ захиалах нь элбэг. Харин өвөл малгай ороолт, ноосон цамцны захиалга гэх мэт.
-Чи бүтээлээ хийгээд суухдаа ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Чимээгүй, нам гүм орчинд нэхмэлээ хийхээр маш тайвширч, амар амгалан мэдрэмж авдаг.

Нэхмэл хийхэд хамгийн гол нь схемээ алдахгүй байх нь чухал. Тиймээс маш сайн төвлөрдөг.
-Чи ямар мэргэжилтэй болох вэ. Мөн гар урлалаа хөгжүүлж өөрийн гэсэн дэлгүүртэй болох алсын зорилго бий юу?
-Би эмч болно. Мөн эмчээр ажиллах явцдаа өөрийн гэсэн гар урлалын дэлгүүртэй болно. Өөрийн гар урлалын бүтээлээ дэлхийд гаргах мөрөөдөлтэй. Тиймээс мөрөөдлийнхөө төлөө одоогоос маш сайн хичээж байгаа. Бас хуримтлуулж байна.

