2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт 931,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд 235,0 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. Үүнээс 63.8 хувь нь авто замын салбарт, 28.4 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 7.3 хувь нийгмийн салбарт хуваарилсан байна.
- Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто зам, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Батсүмбэр сумаас Ахмад настны үндэсний төв хүртэлх 10.7 км хатуу хучилттай авто зам, гүүрийн барилга болон Лүн сумын 3.8 км үерийн далангийн ажлууд дуусаж, энэ онд багтаан ашиглалтад орно.
- Өмнөх жилүүдэд эхэлсэн Зуунмод хотын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ болон Баруун-Зуунмод 6-р багийн гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлууд бүрэн дуусна.
- Мөн Зуунмод сумын 640 суудалтай сургууль, 320 суудалтай сургуулийн барилга болон өргөтгөл, Заамар сумын Хайлааст багийн 320, Борнуур сумын 320 суудалтай сургуулийн барилга, Баянцогт сумын 150 ортой цэцэрлэгийн барилга тус тус ашиглалтад орно. Баянжаргалан сумын 250 суудалтай Соёл, спортын төвийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Энэ онд Улаанбаатар хотоос Төв аймаг хүртэлх авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх 170,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг эхлүүлнэ. 18,4 тэрбум төгрөг зарцуулна. Мөн Зуунмод суманд 150 ор, Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барьж эхэлнэ.

