АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцжээ. Уулзалтаар шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг хоёр яамны зүгээс онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулж шуурхай шийдвэрлэж байхаар ярьж тохирлоо.
ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй нийлүүлэх боломжтой бөгөөд өөрийн экспортлогч ААН-дийн төлөвлөгөөнд Монголын ААН-дийн захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжоор ханган нийлүүлэлтийг хэвийн байлгах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг манай дотоодод хадгалах савны нөөц бүрдтэл түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан шийдэх удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн “эко систем”-ийг хамтран бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргах талаар ярилцав. Уулзалтад “Газпром”, “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Татнефть”, “Оросын төмөр зам” зэрэг компаниудын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.


