horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрчим хүчний салбарынханд эмгэнэл илэрхийлье

post-img

Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 40-52 хэм хүйтэн хонож, эрчим хүчний оргил ачаалал 1749 МВт хүрмэгц өчигдөр Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарлаа. Тус станцын зуух гэмтэж, өчигдөр Улаанбаатар даяар ээлжлэн цахилгаан тасрав. “-35 градус хүрч хүйтэрвэл дулаан хангамжийн эрсдэл үүснэ” хэмээн 4 жилийн турш өвөл бүр мэдэгдэхдээ Б.Чойжилсүрэн өөрийн компанийн барьсан орон сууцны хорооллуудыг дулаан, цахилгаанд холбоход л анхаарсан болохоос нийт монголчуудыг бодсонгүй. Дарга ирвэл мөнгө иддэг, сайд ирвэл хүнээ тавьдаг, хамгийн чухал атлаа хамгийн адагт хаягдсан, онцгойлон хөрөнгө оруулах ёстой атал онцгүй их хоцрогдсон, хөөрхийлөлтэй гэхэд багадмаар салбар эрчим хүч боллоо. Иличийн гэрлийг Монголд асаагаад 104 жил болж буй эрчим хүчний салбарт эмгэнэл илэрхийлье!

“Дулааны үнийг хэт доогуур бариад байхаар иргэд гэр, байшингаа дулаалах сонирхолгүй байгаад байна. Хямдхан цахилгаанаар гэрээ халаагаад байх нь тэдэнд ашигтай” хэмээн 2025.05.06-нд мэдэгдэж, олон хүний нүдийг орой дээр гаргасан. Тэгтэл түүнээс хойш сар ч бололгүй Дулааны III цахилгаан станцын хамгийн сүүлд шинэчилсэн турбингенератор шатаж, Улаанбаатар хотынхонд 2025-2026 оны өвөл хөлдөх аюул нүүрлэсэн юм. Тэр аюул өчигдөр бодитоор бий боллоо.

Бэлтгэл тоноглолгүй атлаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байсан “ДЦС 4”-ийн зуух гэмтэж, цахилгаан, дулааны дутагдалд оров. Үүнтэй холбогдуулан “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК хот даяар цахилгаан, дулаан хязгаарлаж байна. Өвлийн оргил ачааллын үеэр дунд даралтын станц 20%-ийн нөөцтэй байх ёстой. Ямар нэг осол гарвал үүнийг ашигладаг. Гэвч “ДЦС 4”-т ийм нөөц үлдээлгүй, хүчин чадлыг нь тултал ажиллуулж байлаа. Тэгээд л олон хавар нэгэндээ гэгч боллоо.

Ү.Төмөрхуяг гарынхаа салаагаар урсгасан мөнгөө татвар төлөгчдөөр төлүүлэхээр Ерөнхий сайдад зовлон тоочиж зогссон гээд бод доо

2025.06.02-ны ослоос өмнө “ДЦС 3” 198 МВт-ын хүчин чадалтай байлаа. Уг ослоор тус станцын турбин гэмтсэн, зуух нь гэмтээгүй. Тиймээс шатсан 9-р турбингенераторын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимыг нь өөрчилж, дан дулаан үйлдвэрлэх горимд шилжүүлжээ. Ингэснээр уг станцын үйлдвэрлэх дулаанаас 50 МВт дутсан. Тэрхүү дутсан дулааныг “ДЦС 4”, Амгалан дулааны станцаар нэмж үйлдвэрлүүлэхээр Эрчим хүчний яам хуваарилсан юм. 2024-2025 оны өвөл үйлдвэрлэж байсантай тэнцэхүйц хэмжээний дулааныг 2025-2026 оны өвөл үйлдвэрлэх гэж хамаг зуухаа улайстал ажиллуулж байгаад, “ДЦС 4”-т гэмтэл гарлаа.

ДЦС-ын зуух, турбингенераторууд өндөр параметртэй орчин (439-560 хэмийн халуун, 39-138 кгс/см2)-д 220 мянган цаг ажиллах нормтой. Ойролцоогоор 30 жил ажиллаад, ашиглах хугацаа нь дуусдаг гэсэн үг. Гэтэл манай улс 3-р цахилгаан станцыг 57 жил, 4-р цахилгаан станцыг 43 жил ажиллуулж байна. “Ирэх өвлийн оргил ачааллын үед хотын урд хэсэг хөлдөх эрсдэл үүсэхгүй. Сая дэлбэрсэн 50 жилийн насжилттай зуухны осол ирэх өвлийн дулаан, цахилгаанд нөлөөлөхгүй” хэмээн ам гарсан Б.Чойжилсүрэнгээс амыг нь асууя. Паар халахгүй, чийдэн асахгүй байгааг эрхэм сайд юу гэх сэн бол?

“ДЦС-4” ТӨХК нийт 772 МВт цахилгаан, 1586 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн цахилгааны 59%, Улаанбаатар хотын дулааны 55%-ийг дангаар хангаж буй тус станцын үйл ажиллагаатай 2025.12.01-нд Ерөнхий сайд Г.Занданшатар танилцаад “Зээл төлөөд өгөөч. Үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш, зардлаа хэмнэх тооцоо хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм” гэж загнасан юм даг.

“Сая дэлбэрсэн 50 жилийн насжилттай зуухны осол ирэх өвлийн дулаан, цахилгаанд нөлөөлөхгүй” хэмээн ам гарсан Б.Чойжилсүрэнгээс амыг нь асууя

78.4 тэрбум төгрөгийн өртэй тус компани Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болжээ. Уг зээл, хүүгээ улсын төсвөөс төлүүлэхээр Ерөнхий сайдад үг цухуйлгаад, ам руугаа алгадуулсан юм. Тус компанийн захирал Ү.Төмөрхуяг Дорнод аймагт “Элит тауэр” гэх 16 давхар барилга бариулж, 70 айлд худалдаад, гэрчилгээг нь гаргаж өгөлгүй хохироосон гэдэг. Уг барилгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдаагүй гэнэ. Хохирогчид нь уг асуудлаар АТГ-т ханджээ. 2018 оны 10-р сараас хойш тус станцыг удирдахдаа шаардлагагүй бараа их хэмжээгээр худалдан авч, түүнийгээ цехүүдэд хүчээр өгч, бага ашигласан байвал “Үлдэгдэл ихтэй байна” хэмээн хариуцлага тооцдог байжээ.

Ү.Төмөрхуяг 2018 оны 10-р сараас тус компанийн захирлаар ажиллаж байгаа аж. Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхад “ДЦС 4”-т ирээд, Н.Тавинбэхийн үед уг албан тушаалдаа үлдэн, Б.Чойжилсүрэнгийн үед албан тушаалаа хадгалсаар, саяхныг хүрчээ.

“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудад ЗГХЭГ-аас хийсэн шалгалтаар “ДЦС 4” ТӨХК 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материалыг буруу  хадгалан, ашиглах боломжгүй болгосон нь илэрсэн. Тус станц 2 зуухандаа их засвар хийхдээ зардлыг нь 1.1 тэрбум төгрөгөөр хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 55.3 сая төгрөгийн бараа нь, 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 320.3 сая төгрөгийн бараа нь техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй байсан аж. Анхнаасаа шал хэрэггүй зүйл авч, улсын төсвийн мөнгийг дэмий үрсэн гэсэн үг. Ийм атлаа тус компанийн захирал Ү.Төмөрхуяг гарынхаа салаагаар урсгасан мөнгөө татвар төлөгчдөөр төлүүлэхээр Ерөнхий сайдад зовлон тоочиж зогссон гээд бод доо.

Тиймээс Засгийн газар 2025.11.28-нд “ДЦС 4”-ийн захирал Ү.Төмөрхуягт хариуцлага тооцохоор шийдвэрлэж, ажлаас нь чөлөөлөн, оронд нь Н.Тавинбэхийг томилсон. Гэвч Н.Тавинбэх нь Ү.Төмөрхуягаасаа ч их иддэг байж таараад, одоо АТГ-т шалгуулж, ШШГЕГ-ын Цагдан хорих төвд саатуулагдаад байна.

0/1000