Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс хоорондын боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичгийн хүрээнд Чингис хаан үндэсний музей, Итали улсын Ром хотын урлагийн тэргүүлэх төвийн нэг Галлерей Боргезетэй хамтран “ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” тусгай үзэсгэлэнг дэглэж, 2026.01.19-нд нээлтээ хийлээ.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд нь Азийн урлагийн сонгодог жишээ төдийгүй дэлхийн урлагийн сонгодгуудтай эн зэрэгцэн ийнхүү Итали улсын Ром, Турин хотод хоёр сарын турш гарах юм.
Тус үзэсгэлэнг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар нь Буддын урлагийг Монголын тал нутгийн нүүдэлчдийн ертөнцөд хөгжүүлж, гайхамшигт бүтээлүүд туурвиж, шашны шинэчлэл хийсэн онцгой хутагт байсныг түүхэн баримт, түүний үлдээсэн өв нэгэнт нотолдог. Түүний бүтээлд нүүдэлчдийн оршин буй байгаль цаг уурын онцлог, амьдралын өдөр тутмын хэв маяг, уламжлалт зан үйл, хүчирхэг хийгээд сургамжит цаг үеийн түүх, гүн ухаан, сэтгэлгээний онцлог бүрэн цогцоороо нэвт шингэж, нүүдэлчдийн урлагийн өнгө төрх, илэрхийлэл болж байгаагаараа дэлхийн олон хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазар 20 жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад, тэр дундаа дэлхийн урлагийн сэргэн мандалтын голомт Итали улсад дэлгэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой” юм гэв.

Монгол Улсын ССАЖЗЯ, ГХЯ, Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин ажилласан үзэсгэлэнгийн нээлтэд Галлерей Боргезе-ийн захирал Франческа Каппалетти, Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, тус улсын хэвлэл мэдээллийн салбарынхан, урлаг соёлын судлаачид болон бусад төлөөлөл оролцлоо.

Чингис хаан үндэсний музей “Чингис хаан: Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн (Франц. Нант хот 2024), Чингис хаан үзэсгэлэн (Чех улс. Прага хот 2025. 3-6 сар), “Монгол орон- цаг хугацааны аялал” үзэсгэлэн (Швейцарын Цюрих хот 2025.10-2026.02), Өндөр гэгээн Занабазар. (Итали улс. Ром, Турин.2026.01.19-04.07) цуврал үзэсгэлэнгүүдийг гаргаж, Монгол улсын түүх соёлыг одоогийн байдлаар 380 гаруй мянган хүнд таниулан сурталчлаад байна.
Дашрамд сонирхуулахад, Бүгд Найрамдах Итали улсын Ром хотын Галерей Боргезе музейн барилга нь анх 1605-1621оны хооронд баригдсан бөгөөд барилгын доторх интерьер нь гайхамшигт уран зургууд болон уран баримлуудаар тохижуулсан, нийт 22 танхимтай Ром хотын төвөөс 2.78 км зайд байрладаг.


