Соёлын биет бус өвийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн ахуй соёлыг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулсан “Маанар-2026” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүнхэр тайгын Хармайн нарийн өвөрт боллоо. Энэхүү эвентийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Маанар” групп, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газар, Цагааннуур сумын Соёлын төв хамтран зохион байгуулав.

Эвентийн нээлтэд тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Л.Батцэцэг, “Маанар” группын захирал Д.Батчулуун нар үг хэлж, арга хэмжээнд оролцож буй гадаад, дотоодын жуулчид болон цаатан иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Улаан-Уул сумын Соёлын төвийн дарга Д.Агармаа, дархад дууны багш Б.Батцогт, Цагааннуур сумын Соёлын төвийн номын санч Б.Золжаргал нар дархад, цаатан ардын дуугаар ая дууны мэндчилгээ өргөн барив.
Эвентийн хүрээнд:
- Дархад, тува дууны наадам
- Нуруу шарын уралдаан
- Тайгын хоточ нохой шалгаруулах тэмцээн
- Хос зарь, хосын уралдаан
- Урц шалгаруулах уралдаан
- Цааны уралдаан зэрэг уламжлалт соёл, ахуйг сурталчилсан олон төрлийн арга хэмжээ зохион байгууллагдав.
“Маанар-2026” өвлийн эвентийг 5 улсын 37 гадаадын жуулчин, дотоодын 300 гаруй иргэн үзэж сонирхсон байна. Уг эвент орон нутгийн иргэдэд аялал жуулчлалаас орлого олох боломжийг бүрдүүлж, цаатан иргэдийн ахуй соёлыг өөрсдийн отогт нь, байгалийн жинхэнэ орчинд нь таниулснаараа онцлог үйл ажиллагаа боллоо.

