Сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” үзэсгэлэн, худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд, нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17 хүртэл зохион байгуулахаар болжээ. Монголчууд Сар шинийн хэрэгцээндээ зориулан, нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн худалдан авч, гадагш нь урсгадаг байна. Тиймээс энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилготой “Амар байна уу 2026” үзэсгэлэн, худалдаа 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Үзэсгэлэн, худалдаанд 21 аймаг, 9 дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй байгаа тул тэд үйлдвэрийн үнийг худалдан авагчдад санал болгож буйгаараа энэ худалдаа онцлог.
Цагаар сараар өмсөх үндэсний хувцсаа хүмүүс базааж эхлээд байна. Энд дээл, малгай ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.
Үсний уутыг бага насны охидод зүүлгэж болохгүй

“Edu brand”-ийн үүсгэн байгуулагч Б.Энхмаагаас энэ жилийн тренд болон үнийн мэдээллийг тодруулахад, материалын чанар болон загвар хийц, төрлөөсөө хамааран, өөр өөр байгааг хэлсэн юм. Мөн “Edu brand” угсаатны болон үндэстэн, ястны дээлийг орчин үеийн өнгө, загвартай хослуулан урладаг. Эмэгтэй дээл 280-540 мянган төгрөг. Эрэгтэй дээл хавчуургатай, 3 эмжээртэй, хөвөн даавуун дотортой гэсэн 3 янз байна. Үнийн хувьд мөн адил 280-540 мянган төгрөг.
Б.Энхмаа “Сүүлийн үед эцэг эхчүүд үсний уутыг бага насны охиддоо зүүлгэдэг болсон. Энэ нь маш буруу. Үсний уут бол гэрлэсэн, хань ижилтэй болсон бүсгүйн гоёл. Тиймээс хүүхдэд зүүлгэж болохгүй. Манай брэндийг зорин ирсэн хүн бүрт үүнийг анхааруулан хэлж байгаа. Харамсалтай нь ихэнх хүмүүс энэ талаар мэддэггүй” гэж ярилаа.
Монгол малгай 350-380 мянган төгрөг

Олон төрлийн монгол малгай худалдаж байсан худалдаа эрхлэгч “Манайх энэ үзэсгэлэн, худалдаанд зориулаад, үндэсний малгайнуудаа үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. Лоовууз, булган малгай гээд хамгийн чанартай малгайнуудаа, өнгө, загварын сонголттойгоор дэлгэсэн. Үнийн хувьд 350-380 төгрөгийн хооронд байна” гэсэн юм.
Охид, эмэгтэйчүүдэд зориулсан үндэсний дээл, хувцас энд загварын өргөн сонголттой байлаа. Үүнээс гадна орчин үеийн хэв маягаар урласан үндэсний хувцас ч байв.
Эмэгтэй дээл 250-550 мянган төгрөгийн үнэтэй байна

“Khishig fashion” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Хишигсүрэн “Манайх энэ жил эмэгтэй дээлүүддээ энгэрийн гоёл дагалдуулан өгч байгаа. Мастер оёдолчид оёдог учир материал, хийцийн хувьд маш чанартай. Үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд борлуулж байгаа учраас бусад газраас үнийн хувьд хямд байгаа” гэж бүтээгдэхүүнээ танилцуулав.
Эрэгтэй дээл:
- 3 эмжээртэй нь 380 мянган төгрөг
- 5 эмжээртэй бол 450 мянган төгрөг
- Хүр хорхойн материалтай дээл 600 мянган төгрөг
- Хүүхдийн цамц 70 мянган төгрөг
- Монгол цамц хосоороо 200 мянган төгрөг.
Тус брэнд эмэгтэй дээлээ загвар, хийц, материалаас нь хамаараад, 250-550 мянган төгрөгөөр зарж байв.
Тус үзэсгэлэн, худалдаа “Их наяд” худалдааны төвийн 4-р давхарт, “Соёолж молл”-ын 1, 2-р давхарт гарч байгаа юм.

