Хүний эрхийн үндэсний комисст 2025 онд 1344 гомдол мэдээлэл иржээ. Хүний эрх зөрчигдөж байгаа тухай дээрх гомдлуудын хамгийн их хувийг шударгаар шүүлгэх эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай гомдол ирсэн бол хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлсэн тухай 288 гомдол иргэдээс иржээ. Өнгөрсөн жил мөн хүүхдийн эрх зөрчигдсөн тухай гомдол 64 иргэнээс ирсэн бол халамжтай холбоотой гомдол мэдээлэл 34 иргэнээс ирсэн байна.
2025 онд ХЭҮК-д хандсан нийт дуудлагын 20 орчим хувь буюу 300 орчим гомдол мэдээллийг орон нутгаас ирүүлжээ. Орон нутгаас ирж байгаа мэдээллүүдийг харахад гол төлөв хүүхдийн эрх, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа гомдол мэдээлэл түлхүү ирдэг байна. Хүний эрхийн үндэсний комиссоос орон нутагт хяналт шалгалт явуулсан бөгөөд хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэх асуудлаар 98 удаагийн хяналт шалгалт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр 27 удаагийн, халдашгүй байх эрхийн чиглэлээр 39, сурч боловсрох эрхийн хүрээнд 10, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаж байгаа эсэхэд гээд нийтдээ 172 удаагийн хяналт шалгалт явуулжээ.
Сүүлийн 5 жилийн хугацаанд 320 зөвлөмж гаргаж орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Аймгуудын засаг дарга нарт хүүхдийн эрх, сурч боловсрох эрх хангуулах чиглэлд анхаарч ажиллахыг хүргүүлсний дотор унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулжээ.


