Ардчилсан нам өнөөдөр /2026.01.15/ “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлаа хийв. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг энэ удаагийн мэдээллийн цагаар олон нийтэд хүргэлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Бид өглөө сэрэхэд тоггүй, орой харихад бас л тоггүй хотод амьдарч байна. Ирээдүй цаг дээр асуудлыг ярьж, “Хоёр жилийн дараа сайхан болно” гэж худлаа ярьж ирсний бодит үр дүн энэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгасан. Гэсэн ч Монгол Улсад эрчим хүчний аюулгүй байдал огт алга.
Сүүлийн нэг жилийн хугацаанд цахилгаан станцуудад дараалан дэлбэрэлт гарч, хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл үүссэн. Харамсалтай нь үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй. Засгийн газарт хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй болчихсон. Нэг салбарыг хэд хэдэн сайд өөр өөр асуудлаар хариуцдаг болоод ирэхээр үүсээд байгаа нөхцөл байдал дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон байна. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан, ажлын хариуцлага алдсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлэх тухайгаа ийнхүү мэдэгдэж байна.
Хамгийн том ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа ямар хариуцлага тооцохыг харъя. Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа эргүүлэн татах бүрэн эрхтэй.

