Хууль зүйн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч нэг удаа, нийт 16 удаа хуралдан эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хуулийн зургаан төсөл, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын нэг тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны 20 тогтоолын төслийг баталсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж, томилохоор заасан. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, сонгон шалгаруулалтыг журамд заасан найман үе шатны хүрээнд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг Байнгын хороонд санал болгож, Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан тухайгаа тус тус тайлагналаа.


