Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Оюуны-Ирээдүй” цогцолборын халаалт муу байсны шалтгааныг олжээ
- 2026/01/23

- -4 цаг -31 минутын өмнө

- 4 мин уншина

Шөнөдөө 40-52, өдөртөө 30-36 хэм хүйтэрсэн 4 есөөр хөдөөгийн сургуулиудын хичээл эхэлж, хүүхдүүд эрдэм сурах гэж сургуульдаа очоод, эмнэлэг явах өвчин тусаж байна. Арай л осголгүй сургуульдаа очоод, ангидаа гадуур хувцастайгаа 4-6 цаг даарч суугаа хүүхдүүд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багт, олны нэрлэдгээр Шинэ Дарханд байрлах “Оюуны-Ирээдүй” цогцолборт байгааг https://time.mn/n/141059 мэдээлсэн. Тус сургуулийн А байранд 6-12 дугаар ангийн 78 бүлгийн 3300 гаруй сурагч гадуур хувцас, бээлийтэйгээ хичээллэж байв. Тус сургууль А, Б гэсэн 2 байртай. А байранд нь дунд болон ахлах ангийн сурагчид, Б байранд нь бага ангийн сурагчид 2 ээлжээр хичээллэдэг.

Б байр халаалт муутай, хуучны модон цонхоор нь жавар сийгдэг. Шил нь хагархай, цуурхай. Жил бүрийн өвөл энэ байр бүхэлдээ жиндүү байдаг ч өнөө жилийн өвөл онцгой хүйтэн байгаа аж.

Тэгвэл “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК энэ өвөл 7 зуух, 5 турбин, сүлжээний 3 насос, халуун усны 1 насос, үндсэн бойлер 4, туслах бойлер 3-тайгаар ажиллаж байна. Тус станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа аж. Эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор Дарханы газар дээрх дулааны шугам гэмтэж, 24 цаг ажиллаж байж засжээ. “Буян” захын хоолны газруудын шугам хүйтэнд гэмтсэнийг бас зассан байна. Орон сууцны дулааны шугам, радиатор хүйтэнд их хэмжээгээр гэмтэж байгаа аж. Орон сууц доторх шугам хоолой PVC байдаг. Энэ нь хүйтэнд цуурах, хагарах явдал гарч, иргэдээс ирэх дуудлага олширч байгаа гэнэ.

Орон сууцны дулааны шугам, радиатор хүйтэнд их хэмжээгээр гэмтэж байгаа аж

“Дарханы дулааны сүлжээ” компанийн мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан нар 1-р сарын 20-ноос сургууль, цэцэрлэгүүдээр явж, халаалтыг нь жигдрүүлэх арга хэмжээ авлаа. “Оюуны- Ирээдүй” цогцолборын барилга хуучирсан, цонх болон хананаас дулаан их алддаг. Мэргэжилтнүүдийг очиж шалгахад тус сургуулийн анги танхим 11-15 хэм дулаан байсан бол арга хэмжээ авсны дараа 20-22 хэм болж нэмэгдсэн байна.

Дулааны станц одоо 115 хэм халуун ус өгч байгаа аж. Ийм халуун ус сургууль, цэцэрлэгүүдэд 30 хэм болон очиж байжээ. Үүний шалтгааныг шалгахад, сургууль, цэцэрлэгүүдийн сантехник хариуцсан ажилчид узель дээрээ тохируулгаа хийж чадахгүй байгаа нь тодорхой болжээ. Тохируулга хийсний дараа сургууль, цэцэрлэгүүдэд очих дулааны температур 57-70 хэм болж, нэмэгдсэн байна.

Энэ эрсдэлийг Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл эрт анзаарч, 2025 оны 9-р сард сургууль, цэцэрлэгүүдэд анхааруулж, мэргэжлийн хүн ажиллуулахыг зөвлөсөн аж. Гэсэн ч уг зөвлөгөөг нь хэрэгжүүлээгүйгээс энэ асуудал үүссэн тухай 1-р сарын 21-нд болсон тус аймгийн Онцгой комиссын хурал дээр яригджээ. Сургууль, цэцэрлэгүүдийн сантехникчээр мэргэжлийн хүмүүс ажиллуулах хэрэгтэй байгааг Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл энэ удаад дахин анхааруулав.

Сургууль, цэцэрлэгүүдийн сантехник хариуцсан ажилчид узель дээрээ тохируулгаа хийж чадахгүй байна

Тохируулгаа хийж чадахгүй бол жил бүр ийм асуудал давтагдах нь тодорхой. Дулааны станцаас түгээх шугамд ирж буй дулааныг алдагдуулалгүйгээр авахын тулд барилга, байгууламж бүрт тохируулга хийх шаардлагатай байдаг ажээ. Энэ нь дулааны станцын үүрэг биш, халаалтыг хүлээн авч буй байгууллагын үүрэг юм байна.

Үүнээс гадна “Оюуны-Ирээдүй” цогцолборын дулааны шугам, паар гэх мэт хэрэгсэл нь ЗХУ-д үйлдвэрлэсэн, үйлдвэр үйлчилгээний барилгад зориулсан эд юм байна. Үүнийг сольж, орчин үеийн халаалтын хэрэгсэл тавибал тус сургуулийн дулаан нэмэгдэх тухай мэргэжилтнүүд хэлж байна. Мөн паар нь маш бохир. Ус нь бүрэн гүйдэггүй. Тиймээс зун халаалт зогссон үед паараа угааж цэвэрлэж байх хэрэгтэй болжээ.

Төмөр замын Салхит өртөөний сургууль, цэцэрлэгийн халаалт доголджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ЗДТГ гэх мэт байгууллагыг уурын зуухаар халаадаг. Уг уурын зуух нөөц зуухгүйгээр, 30 хоногийн нүүрстэйгээр ослын байдалд ажиллаж байна. Шарынгол, Хонгор сумын албан байгууллагуудын дулаан хэвийн, 14-20 хоногийн нүүрстэй байгаа аж. Хонгор сумын уурын зуух нүүрсээ сараар нөөцөлж чадаагүй. Нүүрс нийлүүлэх тендер зарласан ч хэн ч оролцдоггүй. Учир нь тендерээр нүүрс авахаар үнэ нь 40 хувь нэмэгддэг гэнэ. Өөрсдөө уурхайгаас 40 хувь хямд үнээр нүүрс авах боломжтой ч тендер зарлахгүйгээр шууд худалдан авч болдоггүй юм байна. Ийм асуудлаас болоод Хонгор сум 5 хоног түлэх нүүрстэй байгаа гэнэ.

Төмөр замын Салхит өртөөний сургууль, цэцэрлэгийн халаалт доголджээ. Эндхийн хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээллэж байна. Уг сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний үйл ажиллагааг шалгаж, мэргэжлийн сантехникч ажиллуулах дүгнэлт гарган, Хонгор сумын засаг даргад өгчээ.

- Шинэ
- Хандалттай