Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. ЭнхзаяаА.Алтаннар: Усанд сэлэхэд загас болсон юм шиг мэдрэмж төрдөг
- 2026/01/26

- 2 өдрийн өмнө

- 5 мин уншина

Монгол Улсын усан спортын мастер, “We aquatics” клүбийн тамирчин А.Алтаннартай ярилцлаа. Тэр одоо 17 настай. Усан спортоор хичээллээд 7 жил болж байна.

Экстрим спортод дуртай гэр бүлд өссөн түүний хувьд усан спорт бага наснаас нь амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.

-Усан спортыг яагаад сонирхов. Хэдэн настайгаасаа хичээллэв?

-Би 10 настайгаасаа усан спортоор хичээллэж эхэлсэн. Багадаа нэлээд бондгор, усанд маш дуртай хүүхэд байсан болохоор аав, ээж маань намайг жаахан тураах зорилгоор усанд сэлүүлж эхэлсэн юм. Харин сэлж сураад, энэ спортод маш их дурласан, амьдралын минь нэг хэсэг болсон.

-Усанд сэлэхийн юу нь чиний сонирхлыг татав?

-Усанд сэлж байх үед яг л загас болсон юм шиг мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү ч үнэхээр гоё. Ус миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно.

-Анх сэлж сурахдаа живэх шахсан, амьсгал давчидсан мөч тохиолдож байсан уу?

-Үгүй ээ. Би багаасаа усан парк орох дуртай, айдас багатай хүүхэд байсан. Анх бассейнд ороход хүртэл маш тайван, тав тухтай мэдрэмж төрж байсан.

-Чи 15 настайдаа спортын мастер цолны болзол хангасан байна. Тэр үеэ дурсвал ямар байсан бэ?

-Тэр үед залуучуудын ДАШТ болж байсан. Мэдээж их хичээл зүтгэл гаргасан болохоор яг уралдаан дуусгаад цагаа харахад, болзлынхоо цагаас бүүр илүү сайн явсан байсандаа өөрийн эрхгүй уйлсан. Дараа нь спортын найзууд маань намайг тэврээд, баяр хүргэхэд бас уйлсан даа.

-Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон. Ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ер нь жил болгон энэ тэмцээнд ордог болохоор нэг их догдлоогүй. Гэхдээ жаахан айсан. Бэлтгэл муу байсан болохоор.

-Өөрөөсөө ах, туршлагатай тамирчидтай уралдах ямар байсан бэ?

-Өөрөөсөө ах, илүү туршлагатай тамирчидтай уралдах нь надад их сорилт байсан. Тэдний хурд, уралдааны туршлагаас би айгаагүй. Харин ч суралцах боломж гэж харсан. Уралдаан бүр намайг сэтгэл санаа, тэсвэр тэвчээрийн хувьд илүү хатуу болгож, өөрийгөө хянах, тактик бодож уралдах чадварыг маань хөгжүүлсэн. Тийм учраас би нас, туршлагаас илүү зорилго, дотоод хүчдээ төвлөрч сурсан.

-Энэ тэмцээнд өөрийнхөө гүйцэтгэлийг хэр дүгнэв?

-Энэ тэмцээний гүйцэтгэлээ бодитоор дүгнэхэд, сайжруулах зүйлс бий ч ихэнх зүйлсийг төлөвлөсөн ёсоор гүйцэтгэж чадсан. Энэ уралдаан надад туршлага өгсөн, цаашид ахиц гаргах боломж олгосон гэж бодож байна.

-Бага насныхаа мартагдашггүй дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би бага байхдаа их аальгүй охин байсан юм л даа. Гадаа гарч тоглохдоо бикини, шорт өмсөж гардаг охин байсан юм. Аав, ээж сүүлдээ бикинитэй гаргахаа больсон. Манайх 3-р давхарт байдаг байсан. Би нууцаар цонхоор бикинитэй цүнхээ шийдээд, араас нь өөрөө хаалгаар гарч, хувцсаа сольж өмсөөд, усан санд очиж тоглодог байсан. Сүүлдээ аав, ээж хоёрт баригдсан л даа. Одоо тэрийг маань манай гэрийнхэн их ярьж, шоолж инээдэг.

-Усан спортын аль төрлөөр голчлон хичээллэдэг вэ?

-Би ихэвчлэн чөлөөт сэлэлт буюу freestyle дээр төвлөрдөг. Гэхдээ сэлэлтээ сайжруулахын тулд усан дотор болон гаднах бэлтгэлүүдийг хослуулж хийдэг. Үүнд хэмнэлээ барих, эргэх, амьсгалах, гарын техник, хөлний таталтыг нэгэн зэрэг хөгжүүлэх дасгалууд ордог. Мөн хурд, тэсвэр тэвчээрээ нэмэгдүүлэх, уралдааны тактикаа турших зорилгоор төрөл бүрийн зайд давтамжтайгаар хичээллэдэг.

-Тэмцээний аль зай, аль уралдаан чамайг хамгийн их сорьдог вэ?

-1500 метрийн уралдаан надад хамгийн их сорилт байдаг. Энэ зайд хурд, тэсвэр, сэтгэлзүй, тактик гээд бүх чадвараа нэгэн зэрэг ашиглах шаардлагатай болдог. Уралдааны зам урт тул анхаарлаа сарниулах эрхгүй. Хүчээ хэмнэх, зөв амьсгалах, гар хөлөө зохицуулах нь хамгийн чухал. Миний хувьд 1500 м бол зөвхөн хурдны тэмцээн биш, сэтгэлийн тэсвэр шалгадаг сорилт гэж боддог.

-Том тэмцээний өмнө сандардаг уу, сэтгэлээ яаж бэлддэг вэ?

-Том тэмцээний өмнө заримдаа сандардаг нь үнэн. Гэхдээ би үүнийгээ сул тал гэж хардаггүй. Харин өөрийгөө бэлдэх дохио гэж боддог. Тэмцээний өмнө гүнзий амьсгалаад “Чи одоо л чадах бүхнээ хийнэ. Энд ялсан ч бай, ялаагүй ч бай, зүгээр ээ. Бүхнээ гаргаад сэл” гэж өөртөө хэлдэг.

-Усан спортын тамирчинд хамгийн их тулгардаг зүйл юу байдаг юм бэ?

-Багаасаа усан спортоор хичээллэсэн хүүхдүүд том болоод болих бодолтой байдаг. Хичээл ном бодоод, усан спортоо орхидог. Сэлэхээ болихоор их таргалдаг. Стресст орж, усаа маш их санадаг. Миний бодлоор хайр дурлалаас илүү хайртай спортоосоо сална гэдэг хэцүү байх.

-Тамирчдын амжилт секунд, долиор хэмжигддэг шүү дээ. Сэтгэлд тань хоногшин үлдсэн тэмцээн юу байв?

-Сэтгэлд минь нэг тэмцээн одоо хүртэл бодогддог юм л даа. Азийн их наадамд би 400 м-ийн чөлөөт сэлэлтээр олон улсын хэмжээний мастер болоход 90 доль дутсан. Тэр бол миний хувьд хамгийн харамсалтай тэмцээн байсан. Тэр үед чадсан бол 15 настайдаа олон улсын хэмжээний мастер болох байсан гэж харамсаж явдаг.

-Бэлтгэл, хичээлээ яаж зохицуулж байна?

-Өдөрт 2 цаг бэлтгэл хийдэг. Хааяа фитнест 4-5 цаг бэлтгэл хийдэг. Долоо хоногтоо 6 удаа бэлтгэлтэй. Хичээлээ тараад бэлтгэл хийдэг дээ. Хичээл ном, бэлтгэлээ зохицуулах нь тамирчин хүний үүрэг шүү дээ.

-2026 онд ямар зорилго тавьж, юу мөрөөдөж байна вэ?

-Монгол Улсын рекорд тогтоох, бас энэ жил болох Азийн наадамд оролцож, олон улсын хэмжээний мастерын болзол хангахыг зорино.

- Шинэ
- Хандалттай