Монголчууд бид жил бүр Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ахмад настнаа хүндэтгэн, ураг төрлөө золгуулж, уламжлалт ёс заншлаа хадгалсаар ирсэн билээ. Энэхүү баяр нь зөвхөн цаг тооны шинэ эхлэл бус, Монгол түмний үнэт зүйл, ахуй соёлын илэрхийлэл болдог. Гэвч бид Сар шинийн баярынхаа идээ ундаа, эдлэл хэрэгсэл, гар цайлгах бэлэг сэлтээ импортын бүтээгдэхүүнээр бэлдсээр ирсэн. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг хүсдэг ч үнэ өртөг ихтэй, өргөн сонголтгүй гэж голох хүмүүс ч бий. Угтаа энэ нь зөвхөн дотоодын бараа худалдан авах төдий ойлголт биш бөгөөд монгол хүний ур ухаан, хөдөлмөр зүтгэл, уламжлалт мэдлэгийг үнэлж, эдийн засгийн бие даасан байдлаа бататгах бодит алхам юм.
Тиймээс Time.mn сайтын сурвалжлах баг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зорьж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэлээ шингээн урласан, басхүү хямдралтай үнээр худалдаж буй бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.

–ИХ НАЯД ХУДАЛДААНЫ ТӨВ, “АМАР БАЙНА УУ-2026” ҮЗЭСГЭЛЭН
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь байгаль орчинд ч эерэг нөлөөтэй. Учир нь дотоодын түүхий эд, ойрын тээвэр ашигласнаар нүүрстөрөгчийн хий багасаж, тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрддэг байна.
Жил бүр дээл авах боломжгүй. Тиймээс манай дээлийн зах, нударга, даалин, бүс зэргийг аваад ямар ч хувцастай хослуулан өмсөж болно

“Uran’s” брэндийн үүсгэн байгуулагч О.Золзаяатай ярилцахад “Манай брэнд Сар шинийн баярыг угтан “Амар байна уу” үзэсгэлэнд оролцож байна. Өмнө нь зөвхөн гоёл чимэглэл буюу ээмэг, зүүлт, бугуйвч хийж борлуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд үндэсний хувцасны деталиудыг олон өнгөний сонголтоор үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. Мэдээж загвар бүр дахин давтагдахгүй, ганцхан ширхэг гэсэн үг. Жил бүр дээл авах хүндрэлтэй байдаг шүү дээ. Тиймээс манай бүтээгдэхүүнийг худалдан авснаар ямар ч хувцсаа загварлаг болгоод өмсөх боломжтой” гэв.
Түүнээс гадна тус үзэсгэлэнд үндэсний гэсэн тодотголтой олон брэнд байв. Тэд ямар ч түрээсийн төлбөр төлөхгүй байгаа учраас бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байгаагаа илэрхийллээ.
Эсгий гутлуудаа хямдралтай үнээр аваарай

“Хос эсгий” брэндийн захирал У.Анхбаяр “Манайх сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эсгий гутал хөлд маш эвтэйхэн. Өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд өмсөхөд хамгийн тохиромжтой. Мөн бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хамгаалдаг гэдгээрээ онцлог. Бид ямар нэг түрээсийн төлбөр төлөхгүй байгаа учраас бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарж байгаа. Бас хайртай дотнын хүмүүстээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлэг. Тиймээс та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдаа дуустал хямдралтай үнээр аваарай” хэмээв.
Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд бяцхан охиддоо дээл хувцас сонгохдоо үсний гоёл, толгойн гоёл хослуулан авч өгдөг болсон. Тэгвэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ”Tuya hand made” толгойн гоёл болон гар урлалын бүтээлүүдээ уг үзэсгэлэнд дэлгэжээ.
Бяцхан охидод зориулсан олон жил хэрэглэх боломжтой үсний гоёлууд

“Утсаар сүлжсэн, гараар урласан толгойн гоёлуудаа өнгө, загварын олон сонголттой худалдаж байна. Үсний гоёлыг балчир охидоос эхлээд томчууд хүртэл зүүх боломжтой. Мөн нэг жил зүүгээд л багадахгүй. Хэмжээг нь тохируулдаг учир хэдэн ч жил зүүх боломжтой. Мөн манайх сүлжмэл цүнх худалддаг. Дээлэндээ тохируулаад цүнхээ сонгох боломжтой. Үнийн хувьд 50,000 төгрөгөөс эхэлж байгаа” гэж гар урлаач С.Баттуяа бидэнд ярилаа.
Монголчууд бидний өв соёлыг уран дархангүйгээр төсөөлөхийн аргагүй. Модоор бас үнэт мателиар бүтээлээ туурвиж, та бидний амьдралд хэрэгтэй олон зүйлийг гараар урлаж, басхүү хамгийн хямдаар санал болгож буй “Monars Wood” компанийн үүсгэн байгуулагч Б.Галсүх болон “Дуут урлан”-ийн эрхлэгч Д.Баярхуяг нар ийнхүү ярив.
Ямар ч алх хадаас ашиглахгүйгээр бүтдэг бүтээл бол модон урлал

“Манай компани модон эдлэлийг ямар ч алх, хадаас ашиглахгүйгээр бүтээдэг. Эрт үед модон эдлэл буюу авдар, хайрцаг зэргийг зөвхөн углуургадаж хийдэг байсан бол өнөө цагт манай компани ч мөн адил энэ аргыг ашиглан, сувинер хэлбэртэй олон бүтээл урлаж байна. Жишээлбэл: Бурхан тахилын гүнгэрваа, том жижиг хэмжээтэй 3 төрлийн авдар, тамганы хайрцаг, судрын шогол зэргийг энэхүү үзэсгэлэнд дэлгэлээ. Түүнээс гадна гар утасны тавиур, шагайн хайрцаг зэргийг хамгийн хямд үнээр буюу 5000 төгрөгөөр худалдаж байна. Ах дүү, хамаатан садандаа өгөх бэлэг хайж байгаа бол манайхыг сонгож болно” гэж “Monars Wood” компанийн үүсгэн байгуулагч Б.Галсүх хэлсэн юм.
“Амар байна уу” үзэсгэлэн хоёрдугаар сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

Харин “Дуут урлан”-ийн эрхлэгч Д.Баярхуяг “Дуут урлан”-гийн хамт олон 30 гаруй жилийн хугацаанд үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ханцуй шамлан зүтгэж байгаагаас гадна хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээн ажиллаж байна. Мөн алт, мөнгө, зэс зэрэг үнэт металлаар гайхамшигт бүтээл туурвиж байгаа. Жил бүр шинээр олон сайхан бүтээлийг уран дархан маань бүтээдэг. Харамсалтай нь өдөр ирэх тусам үнэт металлын үнэ өсөж байгаа учир манай бүтээлүүдийн үнэ ч бас өнгөрсөн жилүүдээсээ багагүй хувиар нэмэгдсэн. Дахин давтагдашгүй шатар, цацал, домбо зэргийг авахыг хүсвэл “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зориорой. Үзэсгэлэн 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ” хэмээв.
Сар шинийн баяр бол эв нэгдэл, уламжлал, шинэ эхлэлийн бэлгэдэл. Харин энэ баярыг угтахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь бид өнгөрснөө хүндэтгэж, ирээдүйгээ бэхжүүлж буй нэг хэлбэр юм. Монгол хүний гараар бүтээсэн бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засаад, хайртай дотно хүмүүсийнхээ гарыг цайлган, монгол ухаанаар ирэх жилээ угтах нь Цагаан сарын баярын жинхэнэ утга учир билээ.


