ДЦС-4-т гарсан гэмтлээс үүдэж нийслэл тэр чигээрээ цахилгаан дулааны хомсдолд ороод байгаа билээ. Уг нь энэ өвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж цахилгааны доголдлыг нөхнө хэмээн тооцоолж байсан боловч уг станцад нүүрс хөлдсөнөөс үүдэж доголдол үүссэн байдаг.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хүлээн авах бункер хөлдүү нүүрснээс болж бөглөрсөнийг станцын ажилтнууд гараараа бутлаж байгаа хэмээн эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн.
Тэгвэл уг станцын хөлдүү нүүрс бутлах ажил 80 хувьд хүрсэн гэдгийг Бөөрөлжүүтийн станцын захирал Д.Мөнхтөр мэдэгджээ. Ингэснээр ойрын өдрүүдэд 126 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа буюу 300 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж нийслэл хот эрчим хүчний доголдлоосоо ангижрах бололцоо удахгүй бүрдэж мэдэх найдлага байна.


