АШУИС-д багшилдаг, гурван хүүхэдтэй эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдсан байж болзошгүй гэх хэрэг прокурорын шатанд дөрвөн удаа хаагдсан эсэх асуудлаар ХУД-ийн прокуророос тайлбар өгчээ. 2022 оны 3-р сарын 13-ны шөнө цагдаагийн байгууллагад ХУД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт цонхоор хүн унасан гэх мэдээлэл ирсэн байдаг. Уг хэргийн хэрэг бүртгэлийг хаах саналыг нийтдээ 9 удаа цагдаагийн байгууллагаас ирүүлсэн түүхтэй аж. Прокурорын байгууллагаас санал бүрт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн учраас үргэлжлүүлэн шалгах чиглэл өгч буцааж байсан бөгөөд мөрдөн шалгах хугацаанд 16 гэрчээс 22 удаагийн мэдүүлэг авсан байдаг.
Үүнд хохирогчийн ар гэр, хэргийг шалгасан мөрдөгч, шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчид мэдүүлэг өгч байжээ. Мөн шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч, сэтгэц мэдрэлийн эмчээр зайлшгүй хийх дүгнэлтүүдийг гаргуулсан байна. Хэргийг шалгаж байсан мөрдөгчийн зүгээс 2025 оны 4 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлийг хаах санал гаргаж хүсэлт гаргасныг прокурор хянаж үзээд хэрэг бүртгэлийг хаах саналыг хүлээн авч хаажээ.


