Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу “өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлсэн” гэж намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн доторөргөдөл ирүүлсэн боловч тодорхой алдаа, зөрчилтэйн улмаас тухайн дүрэм нь бүртгэгдээгүй, Улсын дээд шүүхээс буцаагдсан намд дүрмийн агуулгад байгаа алдаа зөрчлөө зассаны үндсэн дээр дахин НЭГ УДАА Улсын дээд шүүхэд хандах эрхийг дараах байдлаар хугацаа тогтоожээ. Үүнд:
- 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө Улсын дээд шүүхээс намын дүрмийг бүртгэхээс татгалзсан бөгөөд нийт шүүгчийн хуралдааны тогтоол, танхимын нийт шүүгчийн хуралдааны шийдвэрийг өргөдөл гаргагчид гардуулсан бол 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 60 хоногийн дотор;
- 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас намын дүрмийг бүртгэхээс татгалзсан, эсхүл өмнө нь бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан боловч тогтоол, шийдвэрийг гардуулж өгөөгүй бол ийнхүү татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шийдвэрийг өргөдөл гаргагчид гардуулснаас хойш 60 хоногийн дотор;
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлсэн боловч Улсын дээд шүүхээс зөрчлийг арилгуулахаар буцаагдсан намууд дээрх хугацаанд намын дүрэм дэх зөрчлөө арилгаж дахин өргөдлөө гаргаагүй тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх” үүргийг биелүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн, мөн хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлсэн боловч Улсын дээд шүүхээс зөрчлийг арилгуулахаар буцаагдсан намууд дээрх хугацааны дотор намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүлсэн боловч зөрчлөө арилгаагүй бол бүртгэхээс татгалзах бөгөөд ийнхүү татгалзах шийдвэр гарснаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх” үүргийг биелүүлээгүй гэж үзнэ.
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан “өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх” үүргийг биелүүлээгүй, түүнчлэн дээрх байдлаар хуульд заасан үүргийг биелүүлээгүйд тооцогдох үндэслэл бүрдсэн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дүрэм нь уг хугацаанаас Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцогдох юм байна. Бүртгэлгүйд тооцогдсоноор хүчин төгөлдөр байдлаа алдах хууль зүйн үр дагавартай болохыг улс төрийн намуудад УДШ мэдэгдлээ.

